Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулжээ.
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ. Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчилнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байв.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Энэ конвенцыг соёрхон батлах зайлшгүй шаардлагатай бөгөөд 1994 оны уг конвенц нь цөмийн байгууламжуудын аюулгүй ажиллагаатай холбоотой заавал дагаж мөрдөх баримт бичиг. Товчоор хэлбэл, Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн байгууламжууд нь байгаль орчинд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд аюулгүй байхад чиглэсэнд хяналт тогтоох зорилготойгоор гаргасан конвенц гэдгийг онцолж байлаа.
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.