Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.12.09/ ээлжит мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аймаг, дүүрэг бүрт харилцан адилгүй байна. Амбулаторид суурилсан тандалтын дүнгээр нийт 277 мянган хүн хандсаны 7,7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын дүнгээр нийт 9643 хүний 32 хувь нь амьсгалын замын хүнд цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний оноштой байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1,4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна.
Вирусийн тандалтаар 233 сорьцод шинжилгээ хийхэд Сars-Cov вирус зонхилж байна. Түүнчлэн сорьцуудад хийсэн шинжилгээгээр Соvid-19 4.9 хувь, амьсгалын замын синцитиал вирус 21.5 хувийг, томуугийн А вирус 5.3 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Цаашид томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр томуу, томуу төст өвчний идэвхжил өндөртэй байгаа үед ЕБС, цэцэрлэгүүд шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалж байна хэмээв.