НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Улс орнуудын удирдагчид 2003 онд Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нэгдэн, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулжээ. Өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Тус өдрийг энэ жил “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэх аж.
Манай улсын хувьд энэ өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд энэ жилийн хувьд “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэх юм.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхэд багачууд, оюутан залууст шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах, уриалах контент бэлтгэн түгээх, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэж иржээ.