Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн “Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнийг Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр оролцон, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Аймаг орон нутгийн зүгээс эдийн засгийн чухал салбар болох мал аж ахуйн салбарт гардаг асуудлууд тэр дундаа малын хулгайг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдын бүлгийн оролцоотой хамтран ажиллаж, илрүүлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа. Цаашид малчдаа дэмжих талаар орон нутгаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэдгийг онцоллоо.
“Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнд Ховд аймгийн 16 сумын 60 орчим хүн оролцжээ.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Цоодол нар Малчдын бүлгийн гишүүдэд үнэмлэх гардууллаа.
Ингэснээр Малчдын бүлгийн гишүүд малын хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах юм хэмээн Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.