Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн 1.5 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гарлаа

Инноваци цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, ажлын хэсэг Сангийн яам, ЦХИХХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд тодруулга мэдээлэл өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар Төр иргэнээс өөр дээр байгаа мэдээллээ асуухгүй байх тухай заасан Нийтийн мэдээллийн ил тод байх тухай хуулийн хэрэгжилтийн явц, ХУРДАН цэгийг байгуулах ажлын явц, дата роуминг үйлчилгээний талаар асуусан бол УИХ-ын гишүүн Ж.Галбадрах цахим орчин дахь дээрэлхэлт, цахим халдлага түүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, боловсролын салбараас тодотгосон 150 тэрбум төгрөг салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нийгмийн халамжийн санг цэгцлэх, И-Монгол академийн ажлын үр дүн ажиллагсдын тоо, өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан тв-үүдийн нэрс, хувийн компаниудын хийж чадах зүйлсийг төр хийхгүй байх зэрэг асуудлууд дээр тодруулав. Мөн тэрээр Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн 1.5 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж гишүүдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.