Дэлхийн Оюуны Спортын Холбооноос зохион байгуулсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д Монгол Улсын баг 6 дахь удаагаа Дэлхийн аварга боллоо. Энэхүү тэмцээн БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 05-наас 08-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд 21 орны чансаа өндөр 101 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан, ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж нарын удирдлага дор шигшээ багийн 32 тамирчин амжилттай оролцон 11 цом, тэмцээний 90 медалиас 27 алт, 27 мөнгө, 26 хүрэл медаль буюу нийт 80 медаль хүртэж Дэлхийн аварга боллоо. Багийн төрөлд 2-р байранд БНХАУ, 3-р байранд БНЭУ шалгарчээ.
Мөн манай тамирчид хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 3 тамирчин ОУ-ын Их Мастер цол, 6 тамирчин ОУ-ын Мастер цолны эзэд болжээ.
Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Монгол Улсын тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон бүх тамирчдыг тэргүүлж “2024 оны Ой тогтоолтын Дэлхийн Аварга” болжээ. Энэ жил 14 настай аж.
Тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулья.
Бага насны ангилалд:
1. Б.Сэлэнгэмөрөн
2. М.Гэгээн-Оюун
3. О.Ирмүүн
Өсвөр насны ангилал:
- ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон
2. ОУ-ын Их Мастер О.Наранзул
3. ОУ-ын Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
Насанд хүрэгчдийн ангилал:
- Их Мастер Ху Шу Ян \БНХАУ\
2. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3. Азийн Мастер А.Дайана
Манай тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, ой тогтоолтын олон улсын 72 дахь тэмцээндээ амжилттай оролцож 151 цом, 1607 медаль хүртсэнээс гадна гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна хэмээн Монголын Оюун ухааны академиас мэдээллээ.