УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ЕБС-ийн сурагчдын улирлын амралтыг урагшлуулах тухай саналыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүллээ.
Тэрбээр, “Ард иргэдээс цаг уурын өөрчлөлт, агаар, орчны бохирдлын /утаа/ улмаас хүн амын дунд тэр тусмаа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж уушгины хатгалгаа, харшил зэрэг бусад эрүүл мэндийн асуудал, өвчлөл нэмэгдэж, эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой төр засгийн зүгээс зүй зохистой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх талаар санал, хүсэлтийг ихээр ирүүлээд байна.
Иймд өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-д тус тус заасны дагуу хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын улирлын амралтын хугацааг урагшлуулах талаар саналыг танд үүгээр хүргүүлж байна.
Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн урт хугацааны амралттай холбоотой хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар арга хэмжээ авч Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллахыг хүсье гэсэн утгатай саналыг Боловсролын Сайд П.Наранбаярт хүргүүллээ” гэв.