Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хууль дахь намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” гэв. Цаашид дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай хэмээв. Одоогоор Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгаааж. 

Гишүүн Ө.Шижир, төсөл дэх хуулийн хугацааг дахин өөрчилж, тухайн заалтын хэрэгжих хугацааг дахин хойшлуулах саналыг намууд гаргавал хэрхэх талаар тодруулсан. Улс төрийн намын тухай хуулийг нь энэоны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа, дагаж мөрдөх журмын тухай хуулиар тус хуулийн хэрэгжилтийг хангах, үүрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой, дахиж дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ойлголт байж болохгүй гэж Н.Учрал сайд хуриулав.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг сунгах шаардлагыг парламентад суудалгүй намуудаас хүссэн. Энэ дагуу нэг жилээр сунгаж, 2025 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө одоо бүх нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Үндсэн хууль дахь “…Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна…” гэсэн хэсэг 2028 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хугацаатайг санууллаа. 

Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй гэдэг нь статистикаар 22.000 орчим гишүүнтэй нам л улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах юм байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 37 нам үүнийг анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлсэн. Мөн 2 ба түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцох, намын удирдах байгууллага, төлөөллийн төв байгууллагаа 5 жил тутам хуралдуулах, эс бол идэвхгүйд тооцох зэрэг олон шаардлагыг хангах үүрэг хүлээж байгааг хэлэв. 

Улс төрийн 12 намаас дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацааг хойшлуулах санал гаргасан, цаашид мөрдөж буй хуулийг хэрэгжүүлээгүй намууд улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тодотголоо. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураах, УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураахад хуралдаанд оролцсон 97 гишүүний 87 нь дэмжин баталсан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гаргасан саналаар Д.Амарбаясгалан дарга хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаар хуралдаан өндөрлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.