Хуримтлалын санд ирэх онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэхээр төлөвлөөд байгааг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээлжээ.
Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулан арилжааны 9 банкад хуваарилснаар 5291 иргэн ипотекийн зээлд хамруулжээ.
Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чаддаггүй аж.
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзаж, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалт, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар саналаа солилцлоо. Хуримтлалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр Орон сууцжуулалтын үндэсний хороог байгуулан ажлын хэсгийн уулзалт хийж, бодлого, стратегиа нэгтгэж байна. Дэлхийн банктай гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, иргэн, өрхийн орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны тогтолцоог урт хугацаанд бий болгоход эх үүсвэрийг нэмэх чиглэлээр санал солилцсон байна.
Монгол Улс цаашид улсын төсвөөс санхүүжих суурь тэтгэвэр, цалин хөлс, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 давхаргатай байхаар загвар боловсруулаад байгаа аж.