Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Тухайлбал, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгийн хоолны зардал тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг нь хариуцах юм. Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа.