ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ гэсэн хуультай.
Тус хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.
Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна.
ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ
Монгол хэлний тухай хууль 2025 оны 1-р сарын 1-нд батлагдсан. Энэ хуулийн:
11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.
АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ
Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино.
Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.
АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянган ахмад настан байна.
2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно.
Эрүүгийн тухай хуульд:
“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Зөрчлийн тухай хуульд:
“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОЛОО
- Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч – 10 хувь
- Дотоодын цэргийн офицер, ахлагч – 15-25 хувь
- ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
ОДОНТОЙ ЭХЭД ОЛГОДОГ МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ 2 ДАХИН НЭМЭГДЛЭЭ
Засгийн газрын 2024 оны 6-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн юм.
ДУЛААНЫ НЭМЭГДСЭН ТАРИФЫГ 9-Р САРЫН 15-НААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5-р сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм.
Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд 10-р сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН ӨСГӨВ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь нэмж, 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660 мянган төгрөг байна. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргаад буй талаар ГБХНХЯ-наас мэдээлсэн юм.
АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАР НЭМЭГДЭНЭ
Татвар нь моторын багтаамжаас хамаарч өөр өөр байна.
4000-аас дээш бол өдөрт 694, жилд 250 мянган төгрөг.
2001-3000 бол өдөрт 416, жилд 150 мянган төгрөг.
2000 хүртэлх бол өдөрт 275, жилд 100 мянган төгрөг.