АБГББХ:Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг дурдлаа. Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар тодруулахад нэр дэвшигч Н.Оюундарь хариултдаа, хоёр улсын эдийн засгийн харилцаа илүүтэй өргөжин тэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, худалдааны эргэлт нь 100-гаад сая ам.долларт хүрч, цаашдаа ч өсөх магадлалтай байна гээд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бололцоо байгаа гэв.

Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.