Багш, эмч нарын цалин, нийгмийн баталгааг төрийн жинхэнэ албан хаагчидтай адилтган хуульчилна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Өнөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх гэж байхаа болиод байна. Хэн дуртай нь очиж лайвддаг, дүрэм журмаа баримталсных нь төлөө дарамталдаг, сошл сүлжээнд хаяж өгдөг, цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүйгээс Монгол Улс багшгүй, эмчгүй, сувилагчгүй боллоо. Бурам нь багахан, урам нь хугарсан багш, эмч, эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна. Өндөр хөгжилтэй улс оронд бол эмч, багш хамгийн өндөр цалинтай.

Төрийн албаны хуулинд төрийн үйлчилгээ буюу эмч, багшаас бусад төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан нь ялгаварлан гадуурхсан шинж агуулсан. Яам, тамгын газарт ажилладаг нь төрийн жинхэнэ алба, багш, эмч нар нь болохоор жинхэнэ биш юм уу?

Төрийн албаны реформоор дэвшүүлж буй бидний зорилт бол төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа цалин хөлс, нэмэгдлийг төрийн жинхэнэ албатай адил тэгш байхаар хуульчлан дархлахад оршино. Ажлын гүйцэтгэл, ур чадварт нь суурилж нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Ирэх хаврын чуулганаар Төрийн албаны багц хууль өргөн барих тул намрын чуулганы завсарлагаанаар хуулийн өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, багш, эмч, сувилагч нарынхаа эрх ашиг, санал бодлыг тусган авч ажиллах болно” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.