Улаанбаатар – Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран, Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “Их эзэн хаан Чингис хаан” танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хурлаар Монгол Улсын иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
Мөн хуралд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар оролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, эрх зүйн шинэчлэлийн үр нөлөө, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Хурлын үеэр тавигдсан онцлох илтгэлүүдээс дурдвал:
• Олон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Йос Уйтдэхааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны олон улсын шилдэг туршлагаас танилцуулав.
• Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар илтгэл тавилаа.
• Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлалыг танилцуулав.
• ШШГЕГ-ын дэд дарга Б.Нямгомбо иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
• ЕСБХБ-ны төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмжийг тоймлон хүргэв.
Хурлыг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Энэхүү хэлэцүүлгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбоо, Хуульчдын холбоо, шүүх, яамд, олон улсын байгууллагууд зэрэг гол оролцогч талуудын оролцоог хангаж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч чадлаа. УИХ эдгээр шинэчлэлийг эрчимжүүлж, шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.
ЕСБХБ-ны Эрх зүйн шилжилтийн багийн ахлах зөвлөх Вероника Брадаутану хэлэхдээ: “ЕСБХБ-наас 2023 оны намраас эхлэн “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийг эхлүүлсэн. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх, системийн ерөнхий үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлсэн Европын холбоонд бид талархаж байгаагаа илэрхийлье” гэв.