УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд энэ сарын 29-нд мэдээллээ.
Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ. Мөн Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын есөн мэдээлэл, тайланг сонсож, нийт зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдээллээ.
Ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, дээрх асуудлууд, бодит байдал, тулгамдаж буй бэрхшээлийг судалж ажилласны үндсэн дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы 2025 оны хаврын чуулганд тайлагнах аж.
Цаашид Байнгын хороо аж үйлдвэржилтийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой аливаа мэдээллийг ил тод, нээлттэй болгох, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэх, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хүрээнд олгож буй үйлдвэрлэл, бизнесийн дэмжлэг, татаасыг хэрхэн авах, ямар шат дамжлага, дүрэм журам үйлчилж байгааг мэдээлж, зөвлөх талаар эрчимтэй ажиллана гэж Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцоллоо.
Үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид 11 төрлийг татварын хөнгөлөлт үзүүлэхээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан боловч Татварын багц хуульд тусгаагүйгээс хэрэгжилт хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулж, ажлын хэсэг эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж буйг мэдээллээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн нэмэлт санхүүжилтийн гэрээг соёрхон батлах асуудлыг яаралтай горимоор, ТЭЗҮ болон холбогдох мэдээллийг нууцад авсан нөхцөл байдалд буюу хүнд нөхцөлд хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дурдаад, цаашид Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр, төслүүдтэй холбоотой мэдээлэл нээлттэй, ил тод байхад Байнгын хороо анхаарал хандуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана гэв.
Мөн Байнгын хорооны дарга С.Ганбаатар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахтай, түүний санхүүжилттэй холбоотой мэдээллүүдийг нууцаас гаргах шаардлагатайг тэмдэглэж, “Орано майнинг” компанитай гэрээ байгуулах зэрэг аж үйлдвэржилттэй холбоотой асуудлуудыг өөр Байнгын хороодод хуваарилах явдал цөөнгүй байгааг шүүмжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

