“Хоёр гараа өргөөд бууж өгмөөр санагдсан үеүд олон байсан. Түрүүвчиндээ 100 иентэй, дэлгүүрээс хүнс авч хүрэхгүй, хүүхдүүддээ хоосон будаа өгч явуулах ч үе байсан. Японд байх үе минь, 37 настайдаа Шинэ Монгол сургуулиа байгуулсан үе минь намайг их чангалсан. Миний залуу нас нэлээн зовлон дунд өнгөрсөн шиг байгаа юм. Гэхдээ залуу байхад зовох л ёстой юм байна. Зовсон хүн эргээд хүчтэй болчихдог юм байна” хэмээн туулж өнгөрүүлсэн амьдрал, уналт болсолтынхоо талаар бидэнтэй хуваалцлаа.
Хүн мөрөөдлийнхөө төлөө асаж, тууштай зүтгэвэл түүндээ хүрч болдгийн үлгэр жишээ болсон эрхэм хүмүүний түүхийг та бүхэнд хүргэж байна.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Аливаа хүний түүхийг ярихад аав ээж, төрсөн нутгийг асуухгүй байхын аргагүй. Энэ цаг мөчид нутаг ус, ижий аавыгаа эргэн дурсвал.
-Миний аавыг Бирваагийн Жанчив гэдэг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумынх. Ээжийг минь Дуламжавын Дэжидхүү гэдэг, Архангай аймгийн Хашаат сумынх. Хоёулаа л их зөөлөн, бурханлаг хүмүүс. Үр хүүхдүүдээ дандаа л сургаж, буян номын ажил хийдэг их сайхан хүмүүс байсан. Хүн аав ээжийнхээ сургаалыг их сонсож, ярилцаж, хүндэтгэлтэй хандаж байж хүний зам чиг их зөв явдгийг ойлгоод байгаа.

– 10 жилдээ хэр онц сурдаг хүүхэд байв?
– Сурлага сайтай байсан. Батдорж гэдэг гайхалтай мундаг математикийн багшийнхаа хичээлд их дуртай байсан. Хичээлээ зааж байхдаа самбарын хоёр буланд түрүүлж хичээлээ хийсэн хүүхдүүдэд бодох бодлого бичээд тавьчихдаг. Их гоё уран бодлогууд тавьж, бодсон хүүхдүүдэд улирлаар нь “5” гэдэг хамгийн онц дүн тавьчихдаг байсан. Түүнд нь урам ордог, бодлогууд нь маш дуртай байсан. Тэгж явсаар математикийн багш болсон.
– 1995 оны 10-р сарын 2-нд та анх Япон үг сурсан гэдэг…
– Япон руу нисэж байхдаа онгоцон дотор анх “Сайн байна уу” гэдэг үг сурч байсан.
– Хэл ус, ёс заншлыг нь мэдэхгүй орон руу эрдэм ном сурахаар явахад амаргүй байсан биз.
– Би Японы Сэндай хотын Тохокугийн их сургуульд сурсан. Японд сурсны ачаар өнөөдрийн би бий болсон гэж боддог. ЕБС-д ажиллаж буй багш нарыг Япон улсад мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын зэрэг хамгаалах боломж олгосон Япон улсын Засгийн газрын хөтөлбөрт их баярлаж явдаг.
Ийм сайхан боломж олдсон учир бүх л зүйлийг сурна даа, хичээнэ дээ гэдэг зорилго тавьж байсан.
– Тухайн улсад очоод аавынхаа өгсөн сэржим архийг далайд өргөж цацахдаа нэг цаг орчим өөртэйгөө ярьсан гэсэн. Тухайн үед олон зүйл төлөвлөж, ирээдүйнхээ талаар бодож суусан байх.
– Аав минь их бурханлаг хүн. Япон руу явахад минь хуруу шил шиг жижигхэн архи өгөөд далайн эздэд, бурхдад энэ сэржмийг өргөөрэй гэж захисан. Газрын зураг дээрээс Сэндай хотоос арваад километрийн зайтай далай байгааг хараад дугуй унаад явтал хориод км зайтай байж таараад жаахан хүндхэн явж очсон. Далай их сүрлэг сайхан байсан. Их сүрдсэн, бас бахархсан. Тэр үед бодлууд минь хөврөөд, ирээдүйгээ их сайхнаар харж чадсанаа тод санадаг. Ийм сайхан боломж олдсон учир бүх л зүйлийг сурна даа, хичээнэ дээ гэдэг зорилго тавьж байсан.
Хүүхдүүдийнхээ төлөө энэ замыг сонсосон шүү, ингэж дор орохгүй шүү гээд л шүд зуугаад явсан үеүд бий.
Японд очсоноосоо хойш 6 сарын дараа гэр бүлээ авчирсан. Багш нар ч, хүмүүс ч хэцүү дээ л гэж байсан. Би нэгэнт ирсэн юм чинь ганцхан жил болоод буцмааргүй байсан тул хувийнхаа зардлаар магистрт сурна гэж шийдсэн. Тэр үед 3 ажил хийгээд ч амьдралд хүрдэггүй байлаа. Хадгаламжид мөнгө байхгүй, түрүүвчиндээ 100 иентэй, дэлгүүрээс хүнс авч хүрэхгүй. 6 хоногийн дараа цалин бууна даа гээд л. Гэрт байгаа гурил, тосоороо боорцог хайраад, хүүхдүүдээ хичээлдээ явахад дээр нь жаахан юм цацаад л хоосон будаа өгч явуулах жишээний хүнд үеүд байсан. Шөнийн 1 цагт ажлаа тарж ирээд, өглөө 5 цагт буцаад явна даа гэхээр шантраад уйлж суусан ч үе бий. Аав хүний хувьд өөрөө л гэр бүл, хүүхдүүдээ Японд авчирсан шүү дээ гэж боддог. Гэртээ ядраад орж ирээд хүүхдүүдээ хараад эрч хүч авдаг. Хүүхдүүдийнхээ төлөө энэ замыг сонсосон шүү, ингэж дор орохгүй шүү гээд л шүд зуугаад явсан үеүд бий.
-Таны том охин Японы Ямагата аймгийн Нишо сургуульд орохдоо англи хэл, математикаар маш өндөр оноо авч, тухайн улсын сонинд гарч байсан гэдэг юм билээ. Математикдаа сайн гэхээр таны суурь байна даа.
– Том охиныг минь Г.Тогос гэдэг. Монголд байхдаа 1-р сургуулийн математикийн ангид сурч байсан. Японд дунд сургуулийн 2, 3-р ангид сураад ахлах сургуулийн шалгалт өгсөн. Ямагата аймгийн зүүн ахлах сургууль нь хамгийн шилдэг, дараа нь баруун ахлах сургууль нь. Манай охин 2 дахь ахлах сургуульд нь шалгалт өгсөн. Би бодохдоо 1 дэх сургуульд нь өгүүлчихье гэхэд багш нь өөрийнх нь орж чадах сургууль 2 дахь ч байж магадгүй, 3 дахь ч байж магадгүй гээд баруун ахлах сургуульдаа шалгалт өгч тэнцсэн. Тэр үед анх удаа Ямагата баруун ахлах сургуульд гадаад хүүхэд тэнцлээ гээд сонинд гарсан. Сургуульдаа орсны дараа хичээлийн нээлт дээр захирал нь “Манай сургуулийг төгсөөд эхний 5-д орох юм бол Токиогийн их сургуульд шалгалт өгөх боломжтой. Эхний 10-т орох юм бол Тохоку их сургуульд шалгалт өгөх боломжтой” гэхэд нь одоо дөнгөж орж байхад ийм нарийн ярьдаг юм байх даа гэж гайхсан. Охин маань ахлах сургуулиа төгсөөд Тохокугийн Их сургуульд Япон хүүхдүүдтэй зэрэг шалгалт өгч тэнцээд ахиад сонинд гарч байсан л даа.
– 10 жилд байхдаа багш болно гэсэн мөрөөдлөө биелүүлчихсэн. Харин Япон улсад очоод Монгол орныхоо хөгжлийн төлөөх мөрөөдлөө тэр улсаас олж авсан гэж бодож байна.
– Охины минь орсон ахлах сургууль миний сонирхлыг их татсан. Япон улсын хөгжил нь сургуульдаа байгаа юм байна, ийм л ахлах сургуулийг Монголд байгуулъя гэсэн мөрөөдлөө тэндээс олж авсан.
“Монгол залуу нутагтаа хариад сургууль байгуулна гэнэ” гэдэг гарчигтай нийтлэл маш олон хүнд хүрсэн дээ.
– Японы сонинд таны мөрөөдлийн тухай хэвлэгдэж байсан тухай эргэн дурсвал.
– Мөрөөдөлтэй болчихоор тэрийгээ хүмүүст ярих гээд байдаг. Японд сурахынхаа хажуугаар өглөө 5-7 цаг хүртэл сонин тараах, хичээлээ тараад орой 5-8 цаг хүртэл ачаа ачих, дараа нь бааранд зөөгч хийдэг байсан. Ажлын өдрүүдэд ийм хуваариар ажилладаг. Бааранд хоёр гуравхан хүнтэй тэр өдөр үйлчлүүлэгч намайг “Энэ өндөр том биетэй хүн хэн бэ, хаанахынх вэ” гэхэд нь Монгол гэтэл их сонирхож, намайг мөрөөдөлтэй юу гэж асуусан. Тэр Мори Сан гээд сэтгүүлч хүн байсан юм билээ. Маргааш нь шууд миний мөрөөдлийн тухай ярилцлагыг сонин дээр гаргасан. “Монгол залуу нутагтаа хариад сургууль байгуулна гэнэ” гэдэг гарчигтай нийтлэл маш олон хүнд хүрсэн дээ.
Мөрөөдөл минь намайг Тохоку их сургуулийн оюутан байхад биелсэн. Бас их онцлогтой.
Нээлтээ хийсний маргааш нь л багш нарынхаа цалин, дулаан цахилгаан, эхний нэхэгдэж байгаа өрнүүдээ яах вэ гээд газар доогуур шургаад орчихмоор хүнд байдалд орсон л доо.
-2000 оны 10-р сарын 5-нд таны мөрөөдөл биелж, сургууль тань үүд хаалгаа нээсэн. Оюутан хүн яаж тухайн сургуулийг байгуулсан юм бэ?
-Япончууд хүний мөрөөдлийг их асуудаг. Би Монголд Японы ахлах сургууль байгуулах, тэр дундаа Ямагатагийн баруун ахлах сургуулийг загвар болгож байгуулна гэдэгтээ бүр итгэчихсэн, түүндээ бүр асчихсан байлаа. Надад тэтгэлэг өгсөн Ротари нийгэмлэгийнхэн намайг докторт сурч байхад уулзаад, чиний мөрөөдөл уг нь их гоё юм, гэхдээ чи докторт сурна гэвэл их удна даа гэхэд нь би сурч байх үедээ ч сургуулиа байгуулж болно гэж их хэнэггүй хэлж билээ. Амралтаараа Монголд ирээд нийслэлийн боловсролын газар явж байгаад сургуулийн газар зарна гэсэн зарлал харсан. Би оюутан байсан ч аав, эгчдээ хэлээд, дуудлага худалдаанд нь ороод одоогийн “Шинэ Монгол” сургууль байгуулах газрыг авсан. Ямартай ч мөрөөдөлдөө нэг алхам ойртоод газраа аваад ирлээ гэхэд нөгөөдүүл чинь их гайхсан. Тэдгээр хүмүүс “Чиний мөрөөдөл ганцхан чинийх биш бидний ч бас мөрөөдөл шүү. Хэрвээ чи энэ мөрөөдлөө биелүүлэхгүй бол бидний мөрөөдөл бас биелэхгүй шүү, чамайг бүх талаар бид дэмжинэ” гээд “Багана нэгийн холбоо” гэж байгуулаад жилд 100 доллар өгөх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Тэрхүү хандиваар сургуулийнхаа нэг давхрыг бариад мөнгө маань дууссан. Дараагийн гарцаа ч сайн бодоогүй явж байсан, жаахан тэнэг зоригтой л хүн байхгүй юу би. Сургуулиа ер нь л зээл авч барьсан. Барьж дууссаны дараа бөөн өр зээлд унаад, энэ их өрнөөс яаж гарах вэ, яах гэж сургууль байгуулав даа гэж бодож байсан. 9 сард хичээл орох байсан ч мөнгө завсардах зэрэг янз бүрийн асуудал байсаар 10-р сарын 5-нд нээлтээ хийсэн. Сар хоцроод нээгдэхэд нэгдүгээр үеийн элсэгч сурагчид, эцэг эхчүүд маань хүлээцтэй хандсанд баярладаг. Нээлтээ хийсний маргааш нь л багш нарынхаа цалин, дулаан цахилгаан, эхний нэхэгдэж байгаа өрнүүдээ яах вэ гээд газар доогуур шургаад орчихмоор хүнд байдалд орсон л доо. Японд очоод ахиад л хүмүүсээс зээл авч эхэлсэн. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсан.
Цаг тутам маш их туршлага олж авч, хичээж, дандаа урагшаа бодож, сайн төлөвлөж явахгүй бол хийж буй юм зогсчих гээд байдаг. Сургалтаа яаж сайжруулах, хөтөлбөрөө яаж улам боловсронгуй болгох, менежментийг яаж дараагийн шатанд гаргах вэ гэдгийг суралцаж, сайхан туршлага хуримтлуулсан. Туршлага бол их багш гэж боддог.
– Өнөөх сэтгүүлч таныг мөрөөдлөө биелүүлчхээд дараа нь надад ярилцлага өгөөрэй гэж хэлсэн гэсэн.
– Цувралаар олон ярилцлага авсан. Сургуулийн нээлт болоход Монголд ирж, Ямагатад очиж, анхны төгсөлт хийхэд гээд 5 цуврал нийтлэл бичсэн. 20 жилийн ойгоор бас ирсэн. Тэдгээр ярилцлагуудаа сүүлд ном болгож бичсэн.
Тэр хүчтэй амлалт сургууль байгуулахад минь их нөлөөлсөн. Үүн дээр л тэтгэлгийн ид шид гарч байгаа юм.
– Тэтгэлэг гэдэг олон оюутан залууст боломж нээж өгдөг шүү дээ. Тэтгэлгийн тухайд.
– Тэтгэлэг үнэхээр ид шидтэй гэж боддог. Тэр үед авсан Ротарийн тэтгэлэг бол миний өдөрт 3 удаа ажил хийгээд авдаг цалинтай тэнцүү тэтгэлэг. 1500 долларыг Япон даяар 1000 хүүхдэд зэрэг өгдөг. Тэтгэлгээ аваад сэтгэл маш их хөдөлсөн. Яагаад надад 3 ажил хийж олдог цалинтай минь тэнцэх мөнгийг зүв зүгээр өгөөд байгаа юм гэж бодсон. Ачийг нь хариулах ёстой гэж талархсан. Бүр дугтуйнд хийгээд бэлэн мөнгөөр нь өгдөг. Тэтгэлгээ гардаж аваад индэр дээр гарахад 3 минутад багтаагаад ойрын үед юу бодож байна, амьдрал чинь ямар байгааг хуваалцаарай гэхэд би гэм хийчихсэн хүн шиг байсан. Тэгж байгаад 3 дахь удаагийн тэтгэлгээ гардаж авахдаа “Та нарын ачийг хариулмаар байна. Монголд сургууль байгуулах мөрөөдлөө биелүүлж ачийг чинь хариулна” гэж амласан. Тэр хүчтэй амлалт сургууль байгуулахад минь их нөлөөлсөн. Үүн дээр л тэтгэлгийн ид шид гарч байгаа юм.
Шинэ Монгол сургуулийг төгссөн оюутнуудад олгодог Мабүчи сангийн тэтгэлэгт 600 гаруй хүүхэд хамрагдсан. Би Монголдоо “Шинэ Монгол-Мабүчи” тэтгэлгийн сан байгуулсан. Хөдөө орон нутгаас хотод ирж сурахдаа сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа оюутнуудыг дэмжих зорилготой. Энэ чинь л монгол улсыг ядуурлаас аварна, Монголыг хөгжүүлнэ. Гэхдээ тэтгэлэг авсан хүүхдүүд ажилд орсныхоо дараа авсан тэтгэлгээ ажил дээр гарсан 2 дахь жилээсээ эхлэн жил бүр авсан тэтгэлгээ тухайн үед авсан долларын ханшаараа тооцож төлнө. 22 настайдаа их сургуулиа төгсөөд 23-27 насандаа тэтгэлгээ эргүүлэн төлнө гэдэг нь тэтгэлэг авч буй оюутнуудын ивээн тэтгэгч болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дараагийн хүүхдийг ивээн тэтгэж, өөрийнх нь нэрэмжит тэтгэлгээ олгож байгаа юм.
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд улсын, хувийн хамаагүй их дээд сургуульд сурч буй оюутнуудад зориулсан хүүгүй, урьдчилгаагүй тэтгэлэг.
Энэ тэтгэлгийг одоогийн байдлаар 21 аймгийн 356 хүүхдэд олгосон бөгөөд тэтгэлгийн эргэн төлөлт 66 хувьтай байна. Түүнээс гадна хүүхдүүдэд их сайхан итгэл төрдөг юм. Тэтгэлгийн ид шид тухайн хүүхдүүдэд гарч байгаа. Зүгээр дансанд нь орчихгүй, тэтгэлгээ гардуулж өгнө. Жилд 4 удаа хүүхдүүдийг уулзуулж, бие биеэсээ сурах боломжийг олгоно. Дөнгөж орж ирэхдээ ямар нэгэн том зорилго мөрөөдөл байгаагүй бол бусад оюутнууд, дээд үеийнхнээсээ их зүйл сураад маш амжилттай болоод төгсөж байгаа.
-Шинэ Монгол сургуульд Өнөр бүл асрамжийн газраас хүүхдүүдийг суралцуулдаг. Хэзээнээс ингэх болсон бэ?
-Сургууль байгуулагдаад 3 жилийн дараа, анхны элссэн хүүхдүүд маань 3-р анги буюу 11-р ангид орж байсан. Монголд тухайн үед 10-р анги төгсдөг байхад манай сургууль 11-р ангитай байсан. Намайг сургууль байгуулах үеэс хамтарч ажилласан Мүраками гэж мундаг хүн бий, миний найз л даа. Тэр хүн надад бүх зүйлийг маш сайхан зөвлөдөг бөгөөд манай сурагчдад нийгэмд тустай ажил хийж, түүнийгээ төсөл хөтөлбөр болговол дэмжье гэдэг санал тавьсан. Тэгээд Зулгэрэл, Хишгээ гэж 2 сурагч минь Өнөр бүл төв дээр очсон. Тус төвийн хүүхдүүдэд даалгавраа хийхэд нь туслах ах эгч байхгүй юм байна. Тиймээс энэ хүүхдүүдэд үдээс хойш сургалт хийе гээд захиралтай нь тохиролцсон. Тухайн үед Гавьяат багш Ж.Дүгэр захирлаар нь ажиллаж байсан. Тэгээд нэг өрөөнд “Шинэ Монгол дугуйлан” гэдэг анги нээгээд, хүүхдүүдийн даалгаврыг давтуулдаг боллоо. Нэг жил ингэж явсны дараа тэр хоёр маань “Багш аа, энэ төвд хичээж байгаа маш их хүүхдүүд байна. Энэ хүүхдүүдийг сургуульдаа авч сургая” гэдэг санал хэлэхэд нь уухайн тас дэмжсэн. Эхлээд 2 хүүхэд сургаж байлаа. Одоо тэр хүүхдүүд их сайн сайхан явж байгаа, хааяа над дээр ирдэг.
Залуу байхад зовох л ёстой юм байна. Зовсон хүн эргээд хүчтэй болчихдог юм байна.
-Таны өнөөдрийн энэ амжилтыг уулын оргил гэж харвал энэ оргилд хүрэхийн тулд бүх зүйл дардан байгаагүй. Мэдээж тухайн үед шантарч байсан олон зүйл байсныг дурдаж байсан. Тэр үеүдэд яаж өөрийгөө зоригжуулж, энэ бүхний ард гарах ёстой гэж өөртөө урам өгдөг байсан бэ?
-Залуу байхад зовлонг худалдаж аваад амссан ч болно гэдэг нэг үг байдаг юм. Өөрөөр хэлбэл, залуу байхдаа зовох ёстой гэсэн үг юм. Би 18 настай сургуульд ороод 19 настайдаа аав болсон. МУИС-д 4 жил сурахдаа 3 хүүхэдтэй төгссөн. Их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог, бас гайгүй сураад стипендээ хадгалж үлдэх ёстой, дээрээс нь 3 хүүхэд цувраад төрчихсөн. Эхнэрт ч хэцүү, надад ч хэцүү. Эдгээр зүйлс залуу байхад намайг нэлээн чангалсан. Японд байх үе минь, 37 настайдаа сургууль байгуулсан үе минь бас намайг чангалсан. Миний залуу нас нэлээн зовлон дунд өнгөрсөн шиг байгаа юм. Залуу байхад зовох л ёстой юм байна. Зовсон хүн эргээд хүчтэй болчихдог юм байна.
“Баавгай болох сон” бол кино биш, яг эргэн тойронд байгаа бодит байдал. Өөрийгөө Гавьяат багш болчихсон, боловсролын салбарт юм хийгээд явж байна гээд суугаад байгаа бол ерөөсөө амиа бодсон байна шүү гэдгийг минь надад маш хүчтэй сануулсан.
-Та мөрөөдөлдөө асаж явсаар түүндээ хүрсэн. Бас мөрөөдөж яваа хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэхэд том дэмжлэг үзүүлдэг. Нэг жишээ дурдахад, “Баавгай болох сон” УСК-ны найруулагч П.Золжаргалыг 2018 онд мөрөөдлийнхөө төлөө яв гэж хэлж, дэмжиж тусалж байсан гэж нэгэн ярилцлагадаа дурссан байсан.
– Мөрөөдлийнхөө төлөө явж байхад хэн нэгэн мөрөөдлийг чинь чин сэтгэлээсээ дэмжих ямар байдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Тийм учраас олон шавь нартаа тусалсан. Ялангуяа сэтгэл зүйн хувьд. Япончууд намайг чадна гэж нуруунаас минь “түлхэж” өгсөн. Би ч мөн адил олон шавиа мөрөөдөл руу нь “түлхсэн”-ий нэг нь П.Золжаргал. Их авьяастай хүүхэд л дээ. Японд сурч байх үед нь хэд хэдэн бүтээл нь Токиогийн наадмаас гран-при авч байсан. 2018 онд “Баавгай болох сон” киноныхоо зохиолыг надад үзүүлсэн. Оройжин уншаад, надад маш их таалагдсан. Тэгээд Золоог дараа нь дуудаад би “Чиний мөрөөдөл миний мөрөөдөл боллоо, чи шантралгүй явна шүү, багш нь яаж дэмжих вэ” гэж хэлсэн. “Сайн кино хийхэд надад сайн камер л хэрэгтэй” гэхэд нь би дэмжлэг үзүүлж байсан. “Баавгай болох сон” кино бол үнэхээр л Монголын нийгэмд шүгэл үлээсэн гайхалтай уран бүтээл. Киноны нээлтээр очиж үзээд сандал дээрээ яг хүлэгдсэн мэдрэмж авч, нулимс гарч байсан. Үнэхээр хэцүү, ядуу байдалтай болчихсон хүүхдүүдэд, энэ нийгэмд миний хийж чадах зүйл байхгүй байна шүү дээ. Би амиа бодчихсон байгаа юм биш үү гэдэг бодол төрсөн. Би хэдий Шинэ Монгол сургууль гээд яваад байгаа ч нийтийн боловсрол, төрийн сургуульд сурч буй хүүхдүүдэд тэр боломж олдохгүй байна шүү дээ. Би хичээх ёстой, илүү их зүйл хийх ёстой юм байна гэдгийг илүү ойлгосон. Энэ бол кино биш, яг эргэн тойронд байгаа бодит байдал.
Өөрийгөө Гавьяат багш болчихсон, боловсролын салбарт юм хийгээд явж байна гээд суугаад байгаа бол ерөөсөө амиа бодсон байна шүү гэдгийг минь надад маш хүчтэй сануулсан. Тэр киног олон хүн, улс төрчид бас сайн үзээсэй гэж бодож байна.
Хүн мөрөөдөл, хүсэл тэмүүллээ алдахаараа л хөгширдөг юм байна.
-Япон улстай таны амьдрал холбогдоод 30 жил, сургуультай болно гэсэн мөрөөдлөө биелүүлээд 25 жил болжээ. Таны дараагийн мөрөөдөл юу вэ?
-Хүн мөрөөдлөө, хүсэл тэмүүллээ алдахаараа л хөгширдөг юм байна. Тиймээс би хөгширмөөргүй байна. Би 60 нас хүрлээ. 60 насыг “дахин төрөх” гэж нэрлэдэг. Дахин төрсөн учраас дахиад мөрөөдөлтэй болно.
Төрийн өмчит 60 сургуульд менежментийг нээлттэй нэвтрүүлэх бол миний 60 насны мөрөөдөл. Миний мөрөөдсөн болон мөрөөдөөгүй зүйлс амьдрал дээр биелж байна. Жишээлбэл би УИХ-ын гишүүн болно гэж огт мөрөөдөж байгаагүй.
Гэнэтийн тохиолдлоор МАН-ын удирдах албан тушаалтнаас 5-р сарын 28-ны өдөр дуудлага ирсэн. Миний төрсөн өдөр байсан учраас их тод санаж байна. Таныг МАН-аас жагсаалтаар нэр дэвшүүлэхийг санал болгож байна гэхэд нь би улс төр сонирхдоггүй ээ, боломжгүй гэж хариулсан. Ахиад утасдаад та сайн бодоод үзээч, тантай уулзъя гэсэн. Би тэр өдөр эхлээд Ганданд явж байсан. Орой нь гэр бүлээрээ төрсөн өдрөө тэмдэглэж байна гэхэд байгаа газар маань хүрээд ирсэн. Тэгээд би уулзаад нөхцөлүүдийг нь асуусан. Таныг эхний 10-т оруулна, салбараа сайн мэддэг ийм хүмүүсийг оруулж байгаа, дуу хоолойг нь сонсоно, таны хийж буй төсөл хөтөлбөрүүдийг судалсан, та орж ирээд бодлогын түвшинд ажиллана гэсэн. Надад улс төрийн туршлага байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед бас мөнгө өгч нэр дэвшдэг гэсэн ойлголттойгоор мөнгө төгрөг өгөх юм байхгүй гэхэд тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би маргааш нь хариугаа хэлээд, 20-нд нэрийг маань зарласан. Төрийн түшээ болсон хүний хувьд мөрөөдлөө үр дүнтэйгээр бүтээе, биелүүлье гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн болоод тангаргаа өргөх мөчид та яг юу бодож байсан бэ?
-Тангараг өргөөд зогсож байхдаа өөртөө байгаа мэдлэг чадвар, туршлага бүхнийг Монголынхоо төлөө, ялангуяа эх орныхоо боловсролыг сайжруулахын төлөө зориулна гэж чин сэтгэлээсээ бодож байсан.

Хүүхдүүдийн сурах боломж хэр бүрдэж байгааг судлахаар төрийн сургуулиудтай танилцаж байна. Монгол улсын хэмжээнд 860 орчим сургууль байгаагийн 704 нь төрийн сургууль байна. Нэг сургуульд сурч байгаа нийт хүүхдийн тоо ихсээд ирэхээр ариун цэврийн өрөөний ашиглалтаас эхлээд асуудлууд үүсдэг. Коридор, шатан дээрээ түгжрээд чөлөөтэй явах боломжгүй, номын сан, багш нарын өрөөгүй болох, спорт заландаа 4-5 анги зэрэг орох зэрэг маш олон асуудал гардаг. Тиймээс сургалт хэвийн явах боломжгүй учраас сургалтын чанар яригдахгүй болж байна л даа. Энэ судалгааг их нарийн хийж байна.
Одоо бид боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа мега төслийн хэмжээнд авч үзэх ёстой.
Одоо бид боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа мега төслийн хэмжээнд авч үзэх ёстой. Даац хэтэрсэн энэ байдлыг хэвийн болгож байж сургалт хэвийн явагдана. Хэвийн болгохын тулд 157 сургууль, 90 гаруй цэцэрлэг шинээр нэмж барих шаардлагатай. Хаана барих юм, дүүргүүдэд хэд хэдийг барих юм гээд дүүрэг, аймаг сум бүрээр тооцоо гаргасан байгаа. Сургууль барих төсвийг хөрөнгө оруулалтаар шийдлээ гэхэд үүнийгээ дагаад 5000 гаруй багшийн эрэлт бий болж байна. Тэгвэл тэдгээр багш нараа яаж бэлдэх юм. 1-2 жилийн дотор бэлдэхгүй, арваад жилийн дотор бэлдэнэ гэж бодохоор үүнтэйгээ уялдуулж сургуулийн барилгаа барих ёстой. Зөвхөн сургуулийн барилга барихын тулд 3 их наяд төгрөг хэрэгтэй. Сургуулийн материаллаг орчин бүрдүүлэх, багш нар бэлдэх зардлаа тооцоход 5 их наяд орчим төгрөг яваандаа хэрэгтэй. Үүнийгээ хуваарилаад график гаргачихсан байгаа. Энэ бол миний хийхээр төлөвлөсөн 10 ажлын минь нэг хэсэг нь байгаа юм.
Хамгийн том мөрөөдөл бий. 2040 онд миний 77 настай таарах юм.
Хамгийн том мөрөөдөл бий. 2040 онд миний 77 настай таарах юм. Мөн миний байгуулсан сургуулийн 40 жилийн ой болно. Ирээдүйд Монголыг нуруундаа үүрч явах манлайлагчдыг бэлтгэе гэсэн уриатай сургууль. Тэр үед би таяг тулахгүйгээр спорт заалаараа оръё гэж боддог. Энэ яах вэ хувь хүний жижиг мөрөөдөл. Төгсөгчдөөс маань хэн хаана юу хийж байна, төгсөхдөө ямар хүсэл тэмүүлэл, мөрөөдөл ярьж байсан, түүндээ зориод явж байна уу гээд харахаар маш олон төгсөгчид минь яг тэр замаараа явж байна. Бүгдийг нь судлаад, амжилттай яваа төгсөгчидтэйгөө холбоо барьчихсан байгаа. Эд нарыгаа би мөрөөдлийнх нь араас “түлхэнэ”. 2040 онд 10000 төгсөгч болно.
Намайг улс төрд ороход найз нөхөд, гэр бүл, багш нар минь туршлага байгаа бол түүнийгээ гарга гээд нурууг минь “түлхээд” оруулсан. Нурууг “түлхэнэ” гэдэг зоригжуулна гэсэн үг л дээ. Цагийг нь олоод хүний нурууг “түлхэхэд” хүн зорилго руугаа орчихдог л доо.
Ажилдаа төвлөрч юм хийх, олон хүмүүстэй уулзах, хөдөө гадаа явах зэрэгт биеийн тамирын суурь хүч их хэрэгтэй байгаа.
-Та чөлөөт цагаараа ууланд алхдаг юм байна. Сурагч, оюутан байхдаа сагс, волейбол тоглодог, бас сагсны зэрэгтэй гэж сонсож байсан.
-10 жилийн сургуулийн сурагч байхдаа сургуулийнхаа сагс, волейбол, хөл бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан. Бас сургуулиа төлөөлөөд гүйлтийн тэмцээнд орчихдог, шатар, даам тоглодог байсан. Урлаг харин байхгүй. Их сургуульд орж ирснээсээ хойш гүйлтийн тэмцээний нэлээн олон зайд аварга болж байсан. Мөн сагсан бөмбөгөөр дагнаж, шигшээ багт тоглосон. Сагсан бөмбөгийн мастер зэрэгтэй. Гэхдээ тоглож байх үедээ биш, ахмад болсон хойноо зэргээ авсан. Сагсан бөмбөг миний хобби болчихсон. Ууланд алхахаас илүү долоо хоног бүр хийдэг зүйл минь. Найзуудтайгаа тоглодог “Андууд” гэж клуб байдаг. Ахмадын сагсан бөмбөгчид маань 40 наснаас эхлээд 5, 5 насаар ангилал болж тоглодог. Би 60-65 насны ангилалд тоглож, саяхан Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон. Тэр нь өөрийгөө л эрүүл чийрэг байлгахад чиглэж байгаа юм. 7 хоногт 2 цаг сагсаа тоглоод завсраар нь нэг удаа ууланд алхчихдаг. Ингэхээр хүн эрч хүчтэй байдаг. Ажилдаа төвлөрч юм хийх, олон хүмүүстэй уулзах, хөдөө гадаа явах зэрэгт биеийн тамирын суурь хүч их хэрэгтэй байгаа. Хүн байнга л спортоор хичээллэж байх ёстой.
Шатраа бас тоглож байгаа. Шатар сонирхогчдын УАШТ-д УИХ-ын гишүүд, өмнө нь АИХ-ын депутатууд байсан хүмүүс оролцдог юм билээ. Швейцар өргөөр тоглож, 3 хүн хожиж, 3 оноотойгоор тэмцээнээ дуусгаснаар О.Амгаланбаатар гишүүн бид 2 “Оюунлаг түшээ” болсон. Их хүчтэй өрсөлдөгчид байсан. Шатраа орхигдуулсан юм байна, тоглоё доо гэж бодсон. Уншиж, бичих ажил дээр төвлөрөх шаардлага гарч байгаа тул 7 хоногтоо 2 цаг орчмыг шатартаа зориулъя гэж бодож байна.
УИХ-ын гишүүн хоёр Байнгын хороонд орж ажилладаг. Миний хувьд БСШУС-ын байнгын хороо, ИЦБ-ын байнгын хороонд орсон. Гишүүдийн гадаад улстай хамтарч ажилладаг найрамдлын бүлгэм гэж байдаг. Би Монгол-Японы найрамдлын бүлгэмийн дарга болсон. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 57 ажлын хэсгүүдээс Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах 20 хүнтэй ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон.

Сургууль байгуулах үед төрөн гарсан шавь нараа харах нь миний гал эрмэлзэл.
Ядраад, уйлаад, шатан дээрээ суугаад Японд яах гэж ирэв дээ, буцъя даа гээд гараа өргөөд бууж өгөх үеүд хэд хэд бий. Тэгээд гэртээ орж ирээд хүүхдүүдээ хараад сэргэдэг гэж байсан даа. Тэр үед, аавынхаа үүргийг биелүүлж ирсэн шүү дээ, хүүхдүүддээ энэ сайхан улсыг үзүүлэх гэж ирсэн шүү дээ гэдэг гал эрмэлзэлтэй байсан. Сургууль байгуулах үед төрөн гарсан шавь нараа харах нь миний гал эрмэлзэл. Энэ шавь нар маань ирээдүйд Монгол орныг нуруундаа үүрч явах хүмүүс шүү дээ, түүнийхээ суурийг тавихын төлөө явж байж юундаа шантраад байгаа юм гээд өөрийгөө зоригжуулдаг байсан. Том зорилго тавьчхаад тэрнийхээ төлөө явахыг л гал эрмэлзэл гээд байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч олон сайхан яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Өөрийнхөө мөрөөдөлд асаж явдаг шигээ цаашдаа олон залуусын мөрөөдлийн галыг асааж өгөөрэй гэж хүсье.