УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийснээр гишүүд тойрогтоо ажиллаж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, албан хаагчтай уулзаж, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудтай танилцлаа.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг анх 1982 онд нээгдэж, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Харин 2020 онд дэлхийн стандартад нийцсэн жишиг Нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад оруулснаар өнөөдөр 360 гаруй ор, 630 гаруй албан хаагчтай болж өргөжөөд байна. Өнөөдрийн байдлаар дуран, төрөл бүрийн мэс заслууд, өдрийн эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хавдрын эмчилгээ гээд олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Сүнжидмаа дурангийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх төсөл, СТ Angiography аппаратыг суурилуулах, RFA эмчилгээг нэвтрүүлэх төслүүдийг танилцуулав. Эдгээр хоёр төсөл болон хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадыг засварлах ажлыг шийдвэрлэх тал дээр бүхий л бололцоогоороо дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Алтаншагай илэрхийлжээ.
