УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өвлийн морин уралдааны талаар цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, “Морины уралдаан тойрсон 3 асуудал байна.
1. Дэлгэр зуны цагт гийнгоо хангинаж, хурдан морь барианд орж ирэхэд Монгол хүн бүрийн самсаа шархирдаг. Харин тэс хөлдсөн хөрстэй хахир өвөл, халтиргаатай, зутруу хаврын улиралд хүүхдээр морь унуулахыг эрс эсэргүүцэж байна.
Шинэ цагийнх нь соёл болсон өвөл, хаврын уралдаандаа гадны морин тойруулгын мэргэжлийн унаачид (jockey) лугаа хөнгөн шингэн, 18 насанд хүрэгсдээр гэрээ байгуулж, тогтмол, хангалттай цалинжуулан унуулж байвал учиргүй хааж боогоод байх шаардлагагүй болов уу. Тэгээд аялал жуулчлалаа хөгжүүлэхэд нэмэр болбол сайн байна гэж магтъя.
2. Засгийн газар Дээд шүүхийн эцсийн шийдвэр лүү нулимж, олон нийтийг талцуулсан шийдвэр гаргасан. Орон нутаг мэднэ гээд өөрөөсөө зайлуулж тэднийг татан оролцуулчихсан нь тун зохисгүй.
Учир нь Монгол улс нэгдмэл тул Хөвсгөлийн хүүхдийн амь насны эрсдэл, Хэнтийн хүүхдийн амь насны эрсдэл гэж тусдаа зүйл огт байх ёсгүй! Нийт хүүхдийн эрхийн зөрчлийг ЗГ хариуцна!
Угтаа бол хуулийн засаглал нь төр, засгийн эрхтэн дархтны хүч нөлөө, дур зоргыг хязгаарлах тушаа, дөнгө юм. Харин хуулиар тушигдахгүй байгаа нь Монголын хуулийн засаглал эмзэг доройг илтгэж байна.
3. Давхар стандарт буюу алагчлал.
Иргэд ямар ч асуудлаар жагсаж, цуглах эрхтэй. ЗГ жагсагчдын шаардлагад яаралтай хариу өгч, асуудлыг зөв, шударгаар шийдвэрлэвэл сайн ч, тэгэх нь ховор!
Харин шинэ цагийн морины уралдааны соёл түгээгчдийн дуутай хууртай, концерт бүхий 1 өдрийн жагсаалын шаардлагыг нэн даруй авч, “шийдвэрлэжээ”.
Гэтэл эрх чөлөөндөө ноцтойгоор халдуулан барин байж жагсаж буй иргэдийн шаардлагад ямар хариу өгсөн бэ?
Төр засаг Жагсагчдын эрх чөлөөнд халдах, айлган сүрдүүлэх, мохоох ажлыг хийх замаар жагсаалыг жагсаалаар дарах аргыг ашигласан байж болзошгүй гэх хардалт иргэдийн дунд явж байна. Хэн ч хардах эрхтэй” гэв.
