Улсын циркийн барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долоодугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долоодугаар сарын 7-нд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч чадаагүй. Тэгвэл “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай мэдэгджээ.
Одоогийн “АСА” циркийн барилгыг 1971 онд Румын улсын тусламжаар барьсан бөгөөд барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитектурч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэйгээр гаргаж байжээ.
Д.Дагвадорж аварга “АСА” циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэх бөгөөд 2020 онд циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон тухай мэдээлж байсан. Тэрээр циркийг худалдан авахдаа “Дэлхийд гайхагдах цирк болгоно” хэмээн амлаж байсан бөгөөд энэхүү амлалт биелэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ.