1957 оны 2-р сарын 10-нд Монгол Улсын Төрийн шагналт нэрт яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч Очирбатын Дашбалбар Сүхбаатар аймгийн Наран суманд эцэг Улаан сахиусны овгийн Дарьганга Жамсрангийн Очирбат, эх Осорын Цэрмаа нарын анхдугаар хүү болон мэндэлжээ.
1957 онд Наран сумынхаа бага, дунд сургуулийг дүүргээд, ЗХУ-ын Омскийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль /ТМС/, Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль 1985 онд төгсжээ.
1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн мөн “Утга зохиол урлаг” сонинд ажиллаж байжээ. 1990 оноос Монголын үндэсний чөлөөт зохиолчдын эвлэлийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байсан юм.
О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн бөгөөд “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа.

Түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлжээ.
“Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Тэнгэр шиг бай”, “Амьддаа бие биеэ хайрла” зэрэг шүлгүүдийг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй биз.
Гэргий Н.Борхүүхэнтэйгээ гэрлэж охин Д.Мөнгөндалай, хүү Д.Гангабаатар, охин Д.Дэжидмаа нарыг төрүүлжээ.
О.Дашбалбарыг яруу найргийн гарамгай бүтээлүүд туурвисны учир 1989 онд МЗЭ-ийн шагналаар, 1998 онд “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, “Дорнын аялгуу”, “Дарьганга аялгуу” зэрэг бүтээлүүдэд нь Монгол Улсын төрийн шагнал олгосон.
Тэрээр Ардын их хурлын депутатаар сонгогдож 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталцаж байсан бөгөөд эх орныноо газар шороо, эд баялаг, ард түмний язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд 1999 онд буюу 42 настайдаа тэнгэрт дэвшсэн билээ.
