1936 оны энэ өдөр нэрт яруу найрагч Р.Чойном агсан мэндэлжээ

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар мялаана
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд амьдрал чамайг
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ

Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойном 1936 оны  2-р сарын 10-нд Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар мэндэлжээ.  Эцэг нь 1943 онд түүнийг долоон настай байхад “сүрьеэ” өвчнөөр нас барсан байна.  Эцэг эх нь түүнд Чойномусурияа нэрийг хайрласан ч 1951 оноос Чойном нэрээр зохиол бүтээлээ бичих болсноор олны дунд “найрагч Чойном” нэрээрээ алдаршжээ.

1946 онд Дархан сумын бага сургуульд суралцаад 4-р ангийг 1950 онд онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас сургуулиа орхижээ. Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэлээр бие дааж зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож байжээ.

1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт үсэг өрөгч, бичгийн машины бичээчээр орж, 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажиллажээ.

1957 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажиллан, 1958 онд Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлээд 1960 онд Хотын Соёлын ордонд зураачаар, мөн ондоо Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зураачаар ажиллажээ.

1961 онд “Залуу нас” найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн романаа ном болгон хэвлүүлж  байсан нь Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд өндрөөр үнэлүүлжээ.

Хүний газрын шороо нь
Алт байгаад ч яах юм бэ 
Хүсэл нь тусдаа хүн
Амраг байгаад ч яах юм билээ

Эсрэг гүрний шороо нь 
Эрдэнэ байгаад ч яах юм бэ
Элэг буруутай хүн
Амраг байгаад ч яах юм билээ

1969 оны 8-р сарын 6-нд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (НАХЯ)-нд баривчлагдаж, БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харлуулсан гэдэг нэрийдлээр шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.

Түүний хоригдож байх хугацаандаа бичсэн “Гал морин цаг”, “Сүмтэй будрын чулуу”, “Тал”, “Улаан дэвтэр” зэрэг бүтээлүүд нь Монголын яруу найргийн сор бүтээлүүд юм.

1973 онд суллагдаад 1976 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан. 1976 онд Улаанбаатар хот руу орох зөвшөөрөл авч, 1979 он хүртэл найз нөхдийн гэр орноор амьдарч байгаад 1979 оны 4-р сарын 24-нд 43 настай байхдаа Дэмбэрэл гэж зураачийн гэрт байхад нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгдээд тэр шөнөдөө сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.

МИНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ

Сэргэлэн зугаатай цагт

Хад чулуу хүртэл дуулна

Сэтгэл эмзэглэх үед

Гитар хүртэл уйлна

Өнгөтэй өөдтэй явахад

Бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт

Бурхан хүртэл зугтана

Ахархан жаргалаа хүн

Зуун жил гэж эндүүрдэгээс

Амьдралын нь хэдхэн жилд

Зунаасаа намар нь элбэг

Өргөс ихтэй хорвоог хүн

Найрын ширээ шиг андуурдагаас

Өөрт оногдох цөөн жилд

Намраасаа өвөл нь элбэг

Бараан талыг нь бодоод байвал

Энэхүү орчлон таг харанхуй

Баяр зугаагий нь дагаад байвал

Эргэн тойрон дандаа зун!

Мөнх зунаар нь цэнгэе гэвэл

Мөнгө болоод ухаан хэрэгтэй

Мөстэй өвөлд нь даарья гэвэл

Мөрөөрөө шударга явах хэрэгтэй.

Ялзрал ихтэй хорвоогийн

Явдал паянг тунгааж бичсэн нь

Яруу найрагчдын түүхэнд

Ганцхан би биш ээ!

Тэр бүхнийг нь мэдсээр байж

Тэргэн дугуйнд нь хэрчүүлэгч

Тэсгэлгүй шүлэгчдийн тоонд

Би бас ганцаараа биш!

\1975-II-10\

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.