“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр (2025.02.21) Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харъяалагддаг.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан, байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрыг анхлан байгуулахад тулгын чулууг нь тавилцаж, сэтгэл зүтгэлээ зориулсан нэр хүндтэй ахмадууддаа Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, намрын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг танилцуулсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнд туссан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын сан байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудын тухай, Ахмадын үндэсний чуулган, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хийсэн ажлуудын талаар танилцуулж, удахгүй болох сар шинийн баяр, гарч буй модон могой жилийн мэндийг дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.
Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Ү.Амарбат, Э.Лхагва болон газар, хэлтсийн дарга нар байв. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны буюу манай Тамгын газар байгуулагдсаны 35 жилийн ой, мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Улсын Их Хурлын дарга, удирдлага үүнд анхаарал хандуулж байгаа гэдгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцуулж, сар шинийн мэнд дэвшүүлэв.
Улсын Их Хурлын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад настнуудтай улс орны нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн асуудлаар санал солилцож, дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.



