Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар Google компанитай хамтран ажиллана

Google компани Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад хамтарч ажиллахаар уулзалт зохион байгууллаа.

Google компани өмнө нь Индонез Улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, ХБНГУ-ын Хамбург, Энэтхэг Улсын Бангалор зэрэг дэлхийн 10 хотод түгжрэлийг багасгахаар хамтран ажиллаж байжээ. 

Google компани хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зохицуулах программ хангамж дээр хамтарч ажиллах бөгөөд Монгол улс энэ чиглэлээр ажиллаж буй 11 дэх улс болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг камерын нэгдсэн системд холбох ажил 11 дүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн авто замын 170 уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.

Талууд AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн нийслэлээс цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.