Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүний тангаргийн үг үсэг бүр надад хариуцлага болж сонсогдож байсан

Энэ удаагийн “Тэр л би” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг уригдан оролцлоо.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс таныг ааваар тань илүү мэддэг байх, Р.Гончигдорж даргын ууган охин гэж. Аав, ээжийнхээ, гэр бүлийнхээ тухай хуваалцаач.

-Аав улс төрч хүн байсан учраас гэр бүлийнхний минь тухай мэдэх байх. Аав минь Архангай аймгийн Цахир сумынх. Ээж минь Налайх хотод төрж, өссөн. Ээжийн минь аав уурхайчин байсан. Шарын голын уурхайн дарга, сүүлд Налайхад олон жил уурхайн инженер, даргаар ажилласан.  Би Улаанбаатар хотод төрж, өссөн, айлын том охин. Нэг эмэгтэй дүү, хоёр эрэгтэй дүүтэй.

Би Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн тоо, инженерийн ангийг төгссөн. Уг нь программ хангамж буюу алгоритм, код бичдэг хүн болно гэж зорьж байгаад 9-р ангиасаа гэнэтхэн хуульч болохоор шийдсэн. Сурагч байхдаа хичээлээ л сайн хийдэг, тэгсэн атлаа манлайлагч, онц сурлагатан биш. Одоо ч гэсэн яг тийм, хариуцаж авсан ажлаа л нухаад суух дуртай.

Нэг бодлого бодож чадахгүй ааваас асуухад хариу, бодолтыг нь хэзээ ч зааж өгдөггүй.

-Таны хүүхэд нас, гэр бүлийн хүмүүжил математикийн томьёон дунд өссөн байх.

– Нэг бодлого бодож чадахгүй ааваас асуухад хариу, бодолтыг нь хэзээ ч зааж өгдөггүй. Бүр анхны теорем руу нь явчихдаг. Анхнаасаа энэ чинь ямар байсан, юунаас улбаалж гарсан бодлого бодох гээд байгаа юм гэдгийг асуугаад л байна, асуугаад л байна. Тэгээд нэг цэг дээр унана, тэр үед нэг ойлгоогүй хэсэг үлдчихсэн байвал аавд яг баригддаг. Тэгээд л өчнөөн лекц уншуулаад, нэг бодлого бодох гэж байсан бол тэрийг дагаад 10, 20 бодлого бодно. Тоо бодлого гэдэг цээжилдэг зүйл биш. Анхнаасаа чи ямар ч томьёоны гаргалгааг нь гаргаж, задлаад энгийн болгож болно гэсэн аргачлалаар сурчихсан учраас тооны хичээл илүү ойлгоход амар, дурламаар санагддаг байсан.

Хэлмэгдчихсэн, буруутгагдсан хүмүүсийг өмгөөлж байгааг хараад бусдыг хамгаалдаг яг ийм хүн болно гэж хүссэн.

-Яагаад гэнэт хуульч болохоор шийдсэн бэ? Магадгүй хүүхэд насны мөрөөдлөөр ажиллаж амьдарч байсан бол ямар хүн болох байсан бэ?

– Зорьж байсан зүйлээрээ явсан бол код бичдэг IT мэргэжилтэн болох байсан. Тухайн үед хуульчтай кинонууд их гардаг байсан. Эмэгтэй өмгөөлөгч нар их гоё харагддаг. Биеэ авч яваа нь, шүүх хурлын мэтгэлцээнийг харахаар хүнийг хамгаалж байгаа нь. Хэлмэгдчихсэн, буруутгагдсан хүмүүсийг өмгөөлж байгааг хараад бусдыг хамгаалдаг яг ийм хүн болно гэж хүссэн.

9-р ангиасаа эхлээд конкурсдаа бэлдэж, нийгмийн хичээлд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Тэр үед ЭЕШ биш конкурс гэдэг байсан. Сургууль сургууль дээрээ очиж шалгалтаа өгдөг. 10-р ангиа төгсөөд конкурс өгөхдөө МУИС-ийн эдийн засаг, МУИС-ийн хууль, МУИС-ийн математик гэсэн 3 шалгалтад бүртгүүлсэн. Тэгтэл МУИС-ийн хууль, эдийн засаг хоёрын шалгалт давхацчихсан. Хуулийн шалгалтаа өгөөд, эдийн засгийнхаа эхний шалгалтыг өгөөд хоёр дахь шалгалтаа өгч чадаагүй. Математикийн ангидаа 3-т жагсаад, хуулийн ангид 2-т жагссан. Харин сонголтоо хийхдээ хуулиа сонгосон. Математикаа сонгосон бол уг нь эхний 4 хүүхэд программ хангамжийн анги авах боломжтой байсан. Манай ангийн охин 1-т жагсаж байсан. Одоо Микрософт компанид ажиллаж байгаа.

-Германы Боннын Их сургуульд магистрын зэргээ хамгаалсан тухайгаа.  

-Хэдэн жил ажиллаж байгаад магистрт сурах бодолтой байсан ч тухайн үед бакалавраа төгсөөд үргэлжлүүлэн сурч, 2002 онд төгсөөд ирсэн. Юмыг гялс хийчихье гээд хурдтай явдаг байсан. Би арван жилээ 16 настайдаа, Их сургуулиа 20 настайдаа төгсөж,  24 настайдаа анхны ажилдаа орсон.

– 18 настай тусдаа гарч байсан билүү?

– 18 настай хуримаа хийгээд 19 настайдаа хүүгээ төрүүлсэн. Хүмүүс эрт хүнтэй суулаа гэдэг байсан ч би 4-р курст байхдаа хүүгээ төрүүлсэн. Ээжийгээ дуурайгаад 2 хүү, 2 охинтой болно гэж боддог байсан ч арай чадаагүй. 1 хүү, 2 охинтой.

– Нөхрийнхөө тухай бидэнд хуваалцаач.

-Манай нөхрийг Баясал гэдэг. Бид хоёр 6-р ангиасаа нэг ангид сурч, би 18 настай, нөхөр 20 настай хуримаа хийгээд нэг гэрт орж байлаа. Хуримын 28 жилийн ой болох гэж байна.

Нөхөр Улаанбаатар хотын унаган хүүхэд, 3 хүүтэй айлын бага нь. Олон улсын харилцааны мэргэжилтэн ч дипломатчаар ажиллаагүй. Одоо даатгалын брокерын компани ажиллуулдаг.

Манай хадам аав архитектур, барилгын инженер хүн. Социализмын үе, шилжилтийн үед хотын ерөнхий архитектураар болон хот төлөвлөлт дээр ажиллаж байсан. Сүүлийн хориод жил хот төлөвлөлтийн тал дээр маш бухимдалтай байдаг болсон. Хадам ээж минь арван жилийн сургуулийн орос хэлний багш. 28 настайдаа сургуульд засвар хийж байхад  хана нь буруу тийшээ нурж, дарагдаад нуруугаа гэмтээсэн. Нөхрийг 6 настай байхаас эхлээд тэргэнцэр дээр суусан. Хэдий тийм ч гэр орныхоо бүх ажлыг амжуулж, ар гэрээ авч явдаг. Манай нөхөр болон хадам ах нар их энэрэнгүй, зөөлөн хүмүүс. Хадам аав минь мундаг мэргэжилтэн хүн, шуналгүй, сайхан сэтгэлтэй, аливаа зүйлийг яг таг хийдэг, нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл. Манай бэр эгч нар ч их сайн хүмүүс байдаг.

Дурлалаас илүү найзуудын хайр илүү уддаг юм болов уу.

– Нөхөр тань таны анхны хайр юм байна шүү дээ.

– Дурлалаас илүү найзуудын хайр илүү уддаг юм болов уу. Бие биесээ сайн ойлгоод найзалж нөхөрлөөд явчихсан учраас зөвхөн дурлалын харилцаанаас илүүтэйгээр найз нөхөр, эхнэр, нөхөр, бараг л ээж хүү, аав охин гэдэг шиг бүх төрлийн хайрууд нэгдэж байдаг учраас илүү бат бөх байдаг юм болов уу гэж боддог.  

– Улс төрчдийн хүүхдүүд амархан хөлөө олдог, бүх зүйл нь бэлэн байдаг гэдэг ойлголт байдаг . Таны хувьд хэрхэн гал голомтоо бадрааж, амьдралаа босгож байсан бэ?

Зарим хүмүүсийн хувьд унаа машин, байр сав, ажиллах компани нь бэлэн тохиолдол байдаг байх. Миний хувьд сэхээтэн айлын хүүхэд, ардчиллын эхэн үед тусдаа гарч байлаа. Тэр утгаараа хүн өөрөө өөрийгөө авч явах ёстой, хүнд гай, чиргүүл болох ёсгүй гэж боддог. Мэдээж анхны хүүхдээ төрүүлээд, гэр бүл болоход аав ээжийн дэм байлгүй яах вэ. Хүүгээ 2 нас хүртэл ээж аавтайгаа хамт өсгөсөн. Хүүгээ 2 настайд би Герман улс руу мастерт сурахаар явсан. Манай нөхөр хүүтэйгээ хамт жил гаран амьдарсан. Тэгээд нөхөр бас Германд сургуульд орж, бид 3 хоёр жил гаран Германд амьдарсан. Анх Германд тусдаа гарсан гэсэн үг. Би анх Герман явахдаа Фридрих-Эбертийн сангийн тэтгэлгийг авч, тэрнийхээ үндсэн дээр хүү нөхөр хоёроо аваачих боломж гарсан.  Хүмүүс Боловсролын зээлийн сангаас авсан, түүгээрээ амьдралаа болгоод явчихсан, өрөө төлөөгүй гэж ярьдаг л даа.

  Төгсөж ирээд анхны байраа авахад хадмууд урьдчилгаа өгөөд, орон сууцны зээлд хамрагдаж байсан. Тэрнээс хойш байрныхаа зээлийг төлж дуусаад, ахиж томруулаад л, тэрнийхээ зээлийг төлөөд л залуу хосуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсэн. Тэр хооронд машины зээл бас авч байгаа юм. Хэдий зээлийн хүү өндөр боловч залуу хүмүүст хэрэгтэй зүйл л дээ.

Хадам сайтай байна гэдэг их чухал байдаг юм байна.

Хадам аавыг тэтгэвэрт гарахад Улаанбаатар сувиллыг урд газар өгсөн юм. Тэнд бид хоёр бас газартай. Тэр хавь ямар ч барилгагүй хоосон байлаа шүү дээ. Тэр үед хадам аав газраа тэгшлэх гэж хэдэн зуун машин шороо асгасан гэдэг билээ дээ. Ээж орон сууцанд амьдарч, лифтэнд суух, шатаар буухад хэцүү учраас жижигхэн байшин бариад 2006 оны үед нүүж ирсэн. Хадмууд хөгширч байна, мөн айлын отгон хүү ээж аавыгаа асарч, голомтоо сахиж үлддэг жамтай. Тэр утгаараа 2020 онд хадмынхаа урд талд нүүж ирсэн.

Хадам сайтай байна гэдэг их чухал байдаг юм байна. Би ч гэсэн өөр дээрээ боддог юм. Миний охин, хүү нэг айлын хүүхэдтэй сууна. Тэгэхэд би тэрэнд нь яаж хандах бол. Хүн өөрийнхөө хүүхдийг илүү хайрладаг юм шиг байгаа юм. Ийм яриа хүртэл байдаг шүү дээ. Бэрийгээ, гэр орны ажлаа ч хийхгүй юм, ажлынхаа хажуугаар цаг заваа гаргаад хоол унд хийхэд яадаг байна аа гэснээ, манай охин ажилтай байж гэр орны ажил гэж өөрийгөө зовоох юм, хүргэн одоо туслах хэрэгтэй гэдэг. Ийм байж болохгүй учраас хадам болоход ухаан гаргах хэрэгтэй юм болов уу. Ямар үед яаж харьцах вэ, би арай дэндүүлээд байгаа юм биш байгаа, миний охинтой адилхан охин шүү, хүүтэй минь адилхан хүү шүү гэдэг талаас нь хайрлаад бодох юм бол хүн болгон өөрөөр харьцах байх л даа.

Би нөхөртөө ч хэлдэг юм, миний хамгийн хайртай, өмнөөс нь үхэж чадах хүн гэвэл би миний гурван хүүхэд, бусдыг нь бол хэлж мэдэхгүй ээ гэж.

Ээж болсон мэдрэмжээ эргэн санавал.

-Ээж болсон баярт мөч хүүхэдтэй болсноо мэдсэн үеэс эхэлсэн. Миний бие дотор бүхэл бүтэн хүн бий болж байна гэхээр дотроосоо хайрлаад, хайр урсаад байдаг. Нөхөр бид хоёр хүүгээ гэдсэнд байхад хүүтэйгээ их ярьдаг. Хүү 1997 оны 12-р сард шинэ жил дөхөж байхад төрсөн. Хүүгээ төрснөөс нь хойш эхний 10 сар биеэсээ салгаагүй. Оюутан байсан учраас дипломоо бичих, хамгаалах ажлуудтай ч сургууль дээр очиж юмаа хийчхээд л хурдхан шиг хүү рүүгээ очих гэж яардаг байсан. Ээж болох мэдрэмж үнэхээр гоё, үнэхээр гайхалтай. Хүүгийнхээ дараа хүсэж, хүлээж хоёр охиноо төрүүлсэн. Би нөхөртөө ч хэлдэг юм, миний хамгийн хайртай, өмнөөс нь үхэж чадах хүн гэвэл би миний гурван хүүхэд, бусдыг нь бол хэлж мэдэхгүй ээ гэж. Би их аймхай ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө бол юунаас ч айхгүй юм шиг мэдрэмж төрж, надаас маш их хүч гарах байх гэж боддог.

– С.Цэнгүүн гишүүнийг таны охин гэсэн яриа гарсан байсан.

– Харин нэг тийм яриа гарсан байна лээ. С.Цэнгүүн гишүүн миний хүүтэй он жав л даа. Оны хувьд бол байж болохоор. Яагаад тийм мэдээлэл гарсныг би гайхаад, ямар сайндаа ээж ааваас хамаатан садан, үеэл ч юм уу тийм юм байна уу гээд асуусан. Ямар ч холбоо хамаарал байхгүй. Надад зүгээр хөөрхөн санагдаад “Би чинь ямар хөөрхөн охинтой болчхов оо, бэрээ болгоод авчихдаг юм уу” гэж тоглоомоор ярьж байсан юм \инээв\.

– 2015 оны 10 сарын 16-нд Гончигоо даргын 3 охин, эсвэл 3 хүү зэрэг хуримаа хийсэн гэж ярьдаг.

– 2015 онд манай 3 эрэгтэй дүү хуримаа хийсэн. Би төрсөн  2 эрэгтэй дүүтэй. Манай аавын эмэгтэй дүүгийн 3 хүүхэд байдаг юм. Аав нь нэлээн эрт гэнэтийн ослоор өөд болж, ээж нь бас тэнгэрт хальсан. Тухайн үед ээж аав минь нэг айлын 3 хүүхдийг салгаад яах вэ, хамтад нь өсгөчихье гээд манайд ирсэн. Үндсэндээ бид долоогийн 4 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Айлын хүүхдүүд хамтдаа хуримаа хийнэ гэдэг ховор тохиолдол л доо. Манай ээж гурвуулынх нь хуримыг хамтад нь хийчихвэл яадаг юм гээд 3 эрэгтэй дүүгийнхээ хуримыг хийсэн. Тэр үед нэлээн мэдээллүүд тарсны дунд нь аль дээр хуримаа хийчихсэн миний нэр явж байсан.

Миний дүү Ариунхишиг бид хоёрыг хүмүүс их хольдог. Би эрт амьдрал зохиогоод аавын гэрээс гараад явчихсан болохоор хүмүүс намайг сайн мэддэггүй. Ариунаа аавын хажууд, бүх сонгуулийн ажилд нь хамт явдаг байсан болохоор сайн мэддэг. Тухайн үед улс төрд оролцоотой байсан охин нь одоо гишүүн болчихлоо гэж хараад байдаг юм.

– 2016 оны сонгуулийг эс тооцвол Гончигоо дарга ганцхан удаа л ялагдсан түүхтэй. Тэгэхдээ магтуулсаар байгаад ялагдсан гэдэг.

2000 оны сонгууль л даа. 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуультай байсан. Нэрийг нь хэлээд яах вэ, нутгийн ах “Гончигоогоо ерөнхийлөгчид нэр дэвшүүлье. Гишүүн болчих юм бол ерөнхийлөгч болоход хэцүү болчихно” гэсээр тэр сонгуульд унасан түүхтэй. 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь гэр бүлээрээ дайчлагдан ажиллаж, сонгогдчихоосой гэж их бодож байсан. Тэгсэн бол ерөнхийлөгчийн институт гэдэг зүйлийг арай өөрөөр харуулах байсан болов уу гэж хувь хүнийхээ үүднээс боддог юм.

Улс төр гэдэг зүгээр зурагтаар гарах ажил биш. Үүний цаана маш их бичиг цаасны ажил байгаа. Гол нь тэр бүхнийг зангидаад бодлого болгох нь УИХ-ын гишүүний ажил.

Ааваар тань бодохоор та АН-ын гишүүн болчихмоор. Гэтэл яагаад ХҮН намд орсон бэ?

– Би улс төрд орохгүй гэж боддог байсан. Улс төр гэдэг их бохир. Би энэ дотор уусаж байж чадахгүй, ээж аав ч “чиний юм биш” гэдэг байдлаар ханддаг байсан. 2015 оноос ХҮН намын тухай сонсож эхэлсэн. Манай үеийн залуучууд өөрчлөлт хийж, улс төр бохир гэдгийг өөрчлөх ёстой. Төр гэдэг иргэдээ төлөөлж, бодлого гарган улсаа хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө дуугарах ёстой. Мэргэшсэн туршлагажсан хүмүүс мэдсэн сурснаа үүнд зориулах хэрэгтэй гэдгийг сонсож эхэлсэн.

Би УИХ-ын чуулганы хуралдааныг их үздэг байсан. Улс төр гэдэг талаас биш би хуульч хүн учраас хууль хэлэлцэх процессыг их сонирхдог. Чуулганы хуралдаан үзэхээр, яагаад ингэж сонгогдчихоод, энэ их цагийг зарцуулаад зөвхөн энэ ажлыг хийж байж гэрийн даалгавраа хийхгүй орж ирдэг юм бол. Яагаад танин мэдэхүйн асуултуудаар цаг үрээд байдаг юм бол. Энэ асуудлыг цогцоор нь шийдээд явах боломж байгаа нь харагдаад, дотор бухимдал төрдөг байсан. Энэ дээр тас цохисон мэргэжлийн хүмүүс ордог болоосой, мэдлэгтэй “мундаг” гишүүд нь олон байгаасай гэж хүсдэг. Улс төр гэдэг зүгээр зурагтаар гарах ажил биш. Үүний цаана маш их бичиг цаасны ажил байгаа. Гол нь тэр бүхнийг зангидаад бодлого болгох нь УИХ-ын гишүүний ажил. Яг энэ ажлыг “сайн” хүмүүс ороод хийдэг болоосой гэж хөндлөнгөөс боддог байсан.

2016 оны сонгуульд аавыг дагаж, хуулийн зөвлөхөөр нь ажилласан. Тэр үед энэ бол биш юм байна гэж бодсон. АН-д сайн хүмүүс ч байгаа, саар хүмүүс ч байгаа. Нам доторх уур амьсгал ерөөсөө таалагдаагүй. Энэ дотор явна гэдэг хэцүү юм байна, аавд ингэж хандаж байгаа хүмүүс шинэ хүмүүст ямар байх вэ. Энийг дотор нь ороод өөрчилнө гэдэг хэцүү. Тэрний оронд цоо шинэ өнгө, цоо шинэ мэдрэмжийг улс төрд оруулж ирэх ёстой юм байна гэж бодсон. 2016 онд аав сонгуульд ялагдахад их харамсалтай санагдсан. Бодлого боловсруулахад хэнийх нь толгой, хэнийх нь оролцоо илүү хэрэгтэй вэ гэдэг талаас сонголтоо хийсэн бол… Тэрнээс хойш аав улс төрөөс холдсон.

2020 онд би сонгуульд бие даан нэр дэвшээд үзье, сонгууль гэдгийг мэдрээд үзье гээд Эрдэнэтэд бие даан нэр дэвшинэ гээд дотроо бодчихсон явж байгаад ХҮН намынхантайгаа таарсан. Өмнө нь тэд нарыг мэддэг, гаргасан номыг нь уншиж, уулзалтууд дээр нь очиж байсан. П.Наранбаяр багшийгаа их хүндэлдэг байсан. Тэр хэдтэйгээ хэд хэдэн уулзалтууд хийгээд, 2020 оны сонгуульд П.Наранбаяр багштайгаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Надад их туршлага, шинэ мэдрэмж байсан.

Тангаргийн үг үсэг болгон цаанаа надад хариуцлага болж сонсогдож байсан. 

Тангараг өргөх мөчид юу бодож байв?

– Тангаргийн үг үсэг болгон цаанаа надад хариуцлага болж сонсогдож байсан. Тангаргаа уншихдаа миний хоолой арай өтгөн болж, төвлөрсөн. Би чинь нарийхан хоолойтой хүн шүү дээ. Сандарч байгаад индэр дээр гараад тайвширсан. Тангараг өргөх ёслол тухайн хүн яг ямар ажил хийхээр зориод орж ирэв, одоо ингээд чиний ажил эхэллээ шүү гэдэг мэдрэмжийг өгдөг юм билээ.

Жагсаалтаар орсон гишүүд болон тойргоос сонгогдсон гишүүдийн ялгаа юу байна вэ?

– Намууд өөрсдийнхөө бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үзэл баримтлалыг төлөөлөл болгох хүмүүсийг жагсаалтдаа оруулж байгаа. Энэ утгаараа намын жагсаалтаар орж ирсэн гишүүд тойргоос үл хамааран Монголдоо болон  гадаадад амьдарч байгаа нийт иргэдийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх, дуу хоолойг илэрхийлэх төлөөлөгч болж байгаа учраас тойргийн эрх ашиг гэхгүйгээр ажиллах ёстой. Тэр тал руугаа ажиллахад ч арай амар байдаг юм байна.

Цаашид улс төрийн карьераа 4 жилээр харахгүй байгаа байх гэж бодож байна. 2028 онд магадгүй тойргоос, аавынхаа нэр дэвшдэг хангайн бүс рүү явах бодол байгаа юу?

-Одоогоор миний хувьд би энэ ажилд тэнцэж чадах уу, сонгогчдын болон намынхаа өгсөн үүрэг даалгавар, хариуцлагыг хүлээж чадахаар байна уу гэдэг дээр өөрийнхөө хийж чадах хэмжээнд хүртэл ажиллана гэдэг бодолтой байна. Яг одоогоор энэний дараа тэгнэ гэж ярихад хэтэрхий эрт байна. 4 жил гэдэг урт хугацаа. Сая намрын чуулган гээд нэг л улирал явлаа. Хаврын чуулганаар нэлээн олон хуулийн төслүүд хэлэлцэгдэж, өргөн баригдахаар боловсруулагдаад санаачилгын түвшинд явж байна. Энэ тал руугаа төвлөрч ажиллаж байна. Би Монгол Улсад, яг энд байвал илүү хэрэгтэй байж чадах юм байна гэдэг итгэл үнэмшил байгаад, цаашид тэрхүү хариуцлага, үүргийг надад ахин хүлээлгэвэл нэгэнт эхлүүлсэн ажил болон 4 жилд дуусгаагүй ажил байвал үргэлжлүүлэх хүсэл байх биз.  

 Ээжийнхээ дээлийг өмсөх дуртай, их гоё байдаг юм. 

Ногоон торгон дээлээр гоёчихсон, сайхан харагдаж байна.

– Манай аав байнга дээл өмсдөг, дээл ч их гоё зохидог. Ээж ч бас олон дээлтэй, үндэсний хувцсаараа гоёх дуртай гэр бүл. Энэ ээжийн хорин жилийн өмнө өмсөж байсан дээл нь. Ээжийнхээ дээлийг өмсөх дуртай, их гоё байдаг юм. Хүүхэд байхад ээж дээлээ өмссөн байгаа нь их сайхан харагддаг. Яг энэ хувцсыг л өмсөх юм сан гэж боддог байсан учраас ээжийнхээ хэдэн дээлийг өөрийг болгож авсан.

Үр хүүхэд, ирээдүй, хамтын зорилгынхоо төлөө ойлголцоод, хайрлаад явах юм бол гэр бүлийн харилцаа удаан үргэлжлэх юм болов уу гэж боддог.

Залуучууд гэр бүлийнхээ харилцааг бат бөх авч явахын тулд юун дээр анхаарвал зохилтой байдаг юм бол? Таны хувьд туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харвал юу гэж хэлмээр санагдаж байна.

– Аливаа зүйлд өгөө аваа гэж байдаг шүү дээ. Авах нь дэндээд эхэлбэл нөгөө талд авах нь багасаад эхэлнэ биз дээ. Хайр гэдэг өгөхийн нэр гэж боддог. Хосууд амиа хичээх буюу ертөнц өөрийг нь тойрч эргэж байгаа юм шиг аашилбал эхнэр нөхөр ч гэлтгүй бүх харилцаанд явцгүй. Бүх төрлийн харилцаанд “би, би” гэхээсээ илүүтэйгээр хоёр тал хоёулаа нөгөө талаа бодоод харилцах нь хамгийн бат бөх. Хоёр хүн бие биеэ хүлээн зөвшөөрөх их чухал. Тэс хоёр өөр хүн байгаа шүү дээ.  Миний л зөв, би сайн хүн, надтай адилхан болох ёстой гээд өөрчлөх гээд байж болохгүй. Эсвэл би энэ хүнтэй адилхан болох ёстой гэж өөрийгөө зовоогоод байх хэрэггүй. Үр хүүхэд, ирээдүй, хамтын зорилгынхоо төлөө ойлголцоод, хайрлаад явах юм бол гэр бүлийн харилцаа удаан үргэлжлэх юм болов уу гэж боддог.

Маш их баярлалаа. Таны цаашдын улс төрийн ажилд амжилт хүсье.

– Та бүхэнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.