Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцлоо.
Тус уулзалтын үеэр Европын Холбоотой дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзжээ. Үүнд:
- Европын Холбоотой “Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр” байгуулах,
- Монголын газар зүйн заалттай бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх /ноос ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр гэх мэт/
- Манай улсын тоон гарын үсгийг Европын Холбооны гишүүн орнуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар хамтын ажиллагааг эхлүүлэх,
- Европын холбооноос зарласан 300 тэрбум еврогийн санхүүжилттэй “Дэлхий гарц” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал нэгдлээ хэмээн албаныхан мэдээллээ.



