Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа.
Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа. Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай этгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
