Энэ өдөр М.Даваажаргал, Д.Сумъяа, Ц.Бямба-Отгон нар мэндэлжээ

1985 оны энэ өдөр мэргэжлийн сумо бөхийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Хакүхо Шо буюу Мөнхбатын Даваажаргал мэндэлжээ. Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү бөгөөд 15 насандаа Япон улсыг зорьж, мэргэжлийн сумо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 22 насандаа Монголоос төрсөн хоёр дахь, гадаадаас төрсөн дөрөв дэх Ёкозүна болсон юм.

1000 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сумо бөхөд 1187 даван 45 удаа түрүүлснээр Японы Эзэн хааны цомыг хүртсэн цор ганц бөх юм.

Түүний өндөр 192 см бөгөөд 158 кг жинтэй аж. Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.

Тэрээр 2021 оны есдүгээр сарын 27-нд зодог тайлжээ.

1991 оны энэ өдөр жүдо бөхийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяа  Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ.

16 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Жүдо бөхийн 57 кг жинд “Рио-2016” олимпын мөнгө, Дэлхийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж 2017 оны 11-р сарын 1-нд шагналыг гардуулан өгчээ. 

1995 оны энэ өдөр Монгол Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Төгрөг суманд мэндэлжээ.

2016 онд нутгийнхаа наадамд түрүүлэн Сумын заан цол хүртсэн бөгөөд өдгөө Улсын Арслан цолтой юм.

2019 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн “Аймгийн харцага” цол хүртсэн.

2020 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртсэн.

2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж ” Монгол улсын харцага ” цолыг хүртсэн.

2023 оны Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Х.Цогтгэрэлээр дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав, улсын харцага Ш.Пүрэвгардиар зургаа, улсын заан Б.Пүрэвсайханаар долоо, улсын даян аварга Н.Батсууриар найм даван үзүүрлэж, “Монгол улсын Гарьд” цол хүртсэн. Харин тухайн жилийн түрүү бөх М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүний бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан. Улмаар 2024 оны 6-р сарын 17-ны өдөр давааг нь нөхөн олгож Монгол улсын арслан цол хүртсэн.

Тэрээр 185 см өндөр, 120 кг жинтэй гэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.