Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж байна.
Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.
Энэ хичээлийн жилд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов – Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэллээ. Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Суралцагчид ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшиж, нэмэлтээр:
- Зочид буудлын өрөөний үйлчлэгч
- Цэцэрлэгч – ногоочин
- Хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн төгсгөж, ажлын байранд зуучлан өгөх юм.
“Талх нарийн боов – Бариста” мэргэжлийн ангид суралцсанаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти, бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж “Чадамжийн гэрчилгээтэй” төгсөх юм.
Мөн 11,12 дугаар ангийн сурагчид хамтран улаан лооль, өргөст хэмх, салат навч, юуцай, чинжүү гэх мэт нарийн ногоо тариалж, сургуулийнхаа гал тогоонд өгдөг байна. Энэ байдлыг сургууль нь үнэлэн сургуулийнхаа дээврийн догол хэсгийг ашиглан 32 метр талбайг хүлэмж болгожээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар