Өндөр-Улаан сумын хатгамалчин эмээ

Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Дашзэвэг эмээ нас 70 гарсан ч багадаа сурсан уран хатгамлаа одоо ч оёсоор байгаа аж. Хамтгамлаар гэрээ гоёж, бусдад бэлэглэж, бас захиалга авдаг байна. Одоогоор Дорнод аймгаас гэрийн бүтэн тойруулга оёулж авахаар захиалсан гэнэ.

Б.Дашзэвэг гуай: “Сүүлийн үед хүмүүс дөрвөн хүчтэн, найман тахил, эвтэй дөрвөн амьтан зэрэг бэлгэдлийн дүрс оёулахаар захиалдаг болсон. Эрдэнэт хотод амьдардаг зээ охиндоо хатгамлын утас, даавуугаа захиад авчихдаг. Нэг охин, гурван хүүтэй. Хүүхдүүдээ гэрлэхэд оёсон хатгамлаараа гэрийг нь гоёод гаргасан. Идэр залуу насандаа ээжтэйгээ хамт дээл, монгол гутал оёдог байлаа. Охиндоо ч оёдол, үйлээ зааж сургасан. Айлд орохдоо оёдол, хатгамлыг их шинжиж, санаа авна. Олон ч хатгамал зарж борлуулсан. Хүүхдүүд маань эрүүл мэндээ бод гээд оёулахгүй хориод байдаг ч, зүгээр сууж чаддаггүй болохоор оёсоор л байна” гэлээ.

Тэрээр 8-р ангиа төгсөөд илгээлт өвөрлөн хөдөөг зорьж, 15 үнээ хүлээн авч гурван жил нэгдэлд саальчнаар ажиллаад хань Б.Батсүмтэйгээ гэр бүл болж, хонь дагнан малласан байна. Хариуцан авсан малаа ч сайн маллаж, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, ховор бараагаар шагнуулж байжээ. Мөн нэгдлийнхээ 40 жилийн ойн арга хэмжээнд хоёул уригдан очиж, гурван сарьстай монгол гутал, дөчин тавын орос гутал, 10 литрийн хувин саваар шагнуулж байсан тухайгаа дурсан ярилаа.

Эх сурвалж: Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.