Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.20/ хуралдлаа.
Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа, Г.Дамдинням, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун нар оролцжээ.
Хуралдааны эхэнд Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Т.Анхбаяр Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хоёр хоногийн сургалтаар хөндөн ярилцсан асуудлаа товч танилцууллаа. Энэ хүрээнд янжуур болон электрон тамхины талаарх татварын загварчлалыг гаргаж ярилцсан гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэснийг уламжлав.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн зөвлөх Г.Билгээ Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний талаар танилцуулсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 6.7.7, 6.7.8, 6.7.12, 6.7.14, 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг хамруулан хэрэгжилтэд үнэлгээ, судалгаа хийснийг онцолсон.
Хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд, төрийн хяналтын хэрэгжилт хангалтгүй, үүрэг хүлээсэн байгууллагуудын уялдаа холбоо сул, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага сул, бизнесийн ашиг давамгайлсан, олон нийтийн хяналт хангалтгүй байгааг дурдсан байлаа. Түүнчлэн тамхины үйл ажиллагаанд тавих шаардлага тогтмол зөрчигдөхийн зэрэгцээ олон нийтийн газар тамхи татах зөрчил өндөр хэвээр байна гэжээ.
Хуралдааны төгсгөлд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
