О.Бат- Өлзий: “Борлог Нацаг”-ийн дүрийг Золбоотын ааш араншинд тааруулж бичсэн

Шинэхэн нээлтээ хийсэн, түүхэн сэдэвт “Цөвүүн цаг” УСК-ны Ерөнхий найруулагч, МУГЖ О.Бат-Өлзий, тус киноны гол дүрийг бүтээсэн, МУГЖ Н.Золбоот нартай ярилцлаа.

Н.Золбоот: Жүжигчид нь л 2025 онд байгаа болохоос биш зохиол, түүх бол яг тухайн үеийн болсон явдал. Ийм ч учраас залуус одоо үеэ өнгөрсөн “цөвүүн цаг”- тайгаа харьцуулж, тунгаагаарай гэж хэлмээр байна...

Энэ өдрийн мэнд хүргэе. “Цөвүүн цаг” УСК нээлтээ хийгээд үзэгчид их ам сайтай байна.

О.Бат- Өлзий: Шинэ уран бүтээлээ гаргаад удаагүй байна. Сайхан сэтгэгдлүүд их ирсэн. Энэ кино түүхэн сэдэвт, адал явдалт жанраар бичигдсэн. 1911 оны Монгол улс дахин сэргэн мандсан түүхэн хувьсгал, Наймдугаар Жавзандамба хутагт хаан ширээнд залрах үеийн үйл явдал, цаашлаад 1930- аад онд Богд хааны төлөө зүтгэж байсан эрсийн адал явдлаар үргэлжилдэг. Ерөнхийдөө киноны тухайд түүхэн үйл явдлуудыг уран сайхны аргаар бичсэн.

Киноны гол дүр болох Борлог Нацагийн дүрд миний хайртай дүү Золбоот тоглосон нь маш өндөр үнэлгээтэй байгаа. Ялангуяа эмэгтэй үзэгчид Золбоотыг “Жинхэнэ Монгол эр хүний дүрийг ёстой чадмаг гаргалаа, Борлог Нацаг биш, Борлог Золбоот гэж нэртэй болгоё” гэдэг санал ирүүлж байгаа. 1910-аад оны үед Богд хааны туршуулууд улс орноо нэгтгэхийн тулд Монгол аймгуудаар явахдаа алаг, борлог, шарга, зээрд гэх мэт дандаа адууны зүсээр нэрлэгдэж байсан. Тэр журмаар Богдын тагнуул Борлог зүст маань хамт ажиллаж байсан нөхөдтэйгөө эсрэг, тэсрэг болох зэргээр кино цааш өрнөдөг. Ийм дүрд тоглоод л Золбоот “Борлог” хочтой болчхоод байгаа юм. \инээв\

Гол дүрийнхээ жүжигчнийг хэрхэн яаж , сонгосон бэ?

О.Бат- Өлзий: Би Золбоот дүүтэйгээ 2000 оноос хойш хамтарч ажиллаж байна.Бид ах дүү, амьдралын болон уран бүтээлийн анд нөхөд. Би дүүгийнхээ намтар, түүхийг сайн мэднэ. Дүр төрх бол сайхан Монгол эр хүн шүү дээ. Миний сэтгэлд бол яг энэ төрх нь байж байдаг. Зохиолоо бичихдээ Золбоотынхоо ааш араншинд тааруулж, ямар нэг үйл явдал дээр тэр юу гэж хариулах бол гэдгийг төсөөлж дүрийг нь гаргасан. Өөрт нь бол хэлээгүй ээ. Яг дүр хуваарилах үед “Нацагийн дүрд чи шүү” гэхэд Золбоот их цочиж хүлээж авсан.

Н.Золбоот: Миний зан араншинд тохируулж бичсэн гэж одоо л сонсож байна. Ах 2021 онд дүрвэгсдийн тухай түүхэн кино эхлэх гэж байгаа гэхэд нь “Аан, тийм үү” л гээд өнгөрсөн. Дараа нь уулзахад “ Зохиолч биш болохоор бичиж болохгүй байна. Их баримт хэрэгтэй болж байна” гэснээс хэсэг хугацааны дараа “Би нэг түүхчтэй уулзсан. Дүрүүдийнхээ талаар нэлээн юм асуусан” гэж байсан. О.Бат- Өлзий ах энэ киноны зохиолыг дөрвөн жил судалж бичсэн. Энэ хугацаанд дэргэд нь байсан ч “Борлог” Нацагийн дүрийг бүтээнэ гэж ёстой мэдээгүй. Фантастик продакшны Баяраа л Нацаг байх даа, эсвэл Од юм болов уу? гэж л бодсон. Юу ч мэдээгүй би чинь “Намайг нэг дүрд шургуулна биз дээ” гэхэд ах “Ёстой мэдэхгүй ээ” л гэсэн. Мэдээж ахын хаялгаар намайг кинондоо оруулчих байх гэсэн бодолтой л явж байсан.

2024 оны дөрөвдүгээр сард түүхчид, зөвлөгөө өгсөн бүх хүмүүстэйгээ нэгдээд “Энэнээс цааш газар үгүй ээ, Мэддэг, чаддаг бүхнээ шингээлээ, ямар ч засваргүй дуусав” гээд зохиолоо эцэслэсэн. Цаашлаад киноны зураг авалт эхэлсэн. Зардал, мөнгөнөөс эхлээд түүхэн кино болохоор зөндөө асуудал гарч ирнэ шүү дээ.

Тэгээд бужигнаж байтал “Борлог Нацаг чи шүү” гээд “аваад хаячихдаг” юм даа. Би юм ч дуугарч чадаагүй, гэнэтхэн “дүртэй” болчихсон. Гайхаад “одоо яах вэ” гэсэн чинь “ Яах юу байх вэ?, дүр дээрээ ажилла” гэсэн. \Инээв\ Ойрд гол дүрд тоглоогүй ч, зохих хэмжээгээр уран бүтээлд ороод явж байсан надад “их хариуцлага” хүлээлгэсэн. Надад итгэж дүр өгсөн явдалд нь их баярласан.

Киноны баг долоо, найман нүүдлийн дараа Өмнөговь аймгийн Ёлын аманд зураг авалтаа дуусгасан. Ард түмэн үзээд ам сайтай байна. Уран бүтээлчид, арын албаны ажилчид гээд бүгдээрээ “талх мэрнэ” гэдэг шиг дор бүрнээ маш сайн ажилласан. Жүжигчид нь л 2025 онд байгаа болохоос биш зохиол, түүх бол яг тухайн үеийн болсон явдал. Ийм ч учраас залуус маань одоо үеэ өнгөрсөн “цөвүүн цаг”- тайгаа харьцуулж, тунгаагаарай гэж хэлмээр байна.

О.Бат- Өлзий: Манай уран бүтээлчид жижиг, том гэлтгүй авсан дүрээ маш сайн амилуулсан. Би хүүтэйгээ хамтарч ерөнхий найруулагчаар ажилласан. Зураг авалт дууссаны дараа ганцаараа зүтгэж барахааргүй байж гэдгээ мэдэрсэн. Хүүтэйгээ хамтарсан нь миний ачааг их хөнгөвчилсөн. Хүүдээ зуун хувь итгэсэн. Би бол бурхан шиг л зураг авалтын талбайд сууж байлаа. Намайг жаахан лаглайгаад ирвэл Тамир “ташуурдана”, харин Тамирыг залуу хүний ааг омгоор шийдчих гээд байвал би “жолоог нь татна”. Хөгшин, залуу хоёр нэгнийгээ “нөхөж”, киногоо амжилттай дуусгасан. Бүтээлийг маань бүтээлцсэн бүгдэд “баярлалаа” гэж хэлмээр байна.

Н. Золбоот: Ахынхаа хажууд сууж байгаад их магтууллаа. “Яах гэж дүр өгөв өө” гэж бодох вий гээд айж байсан. Энэ киноны зохиолыг бичиж, найруулсан ахаасаа ийм үг сонсоно гэдэг сайхан байна. “Цөвүүн цаг” киног хүмүүс үзэж байна гэдэг л бөөн урам юм даа.

Багаар сайн ажиллаж байж сайхан уран бүтээл төрдөг. Хамтдаа ажиллаж биесээсээ урмын үг, шүүмжлэл сонсох нь сайхан шүү дээ?

Н.Золбоот: Эргээд бодоход их “халуун” уран бүтээл боллоо. Говьд дөчин таван хэмийн халуун. Киногоо нээхэд кино театр дүүрэн хүн. Тэр нь байгалийн халуунаас бүр илүү “халуун” мэдрэгдсэн, гоё байсан.

О.Бат-Өлзий: Ташрамд хэлэхэд манай киноны хөгжмийн зохиолчоор ажилласан “Чоно” хамтлагийн Цогоо дүү маань их сайхан Монгол аялгуунууд хийж өгсөн. Ая, авиа хоёрыг хооронд нь маш сайн зохицуулсан “Авиа студи”-ийн дууны найруулагч Цэвэгмид, киноны өнгө шүүлт гэж маш чухал зүйл ажил дээр тун сайн ажилласан Анхтамир нартаа их талархсан шүү.

Монтаж хийхдээ киногоо хэдэн зуун удаа үзсэн ч гэсэн “гол гогоддог” хэсэг байдаг. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, бага хүүгээ аваад үлдэж байгаа хэсэг бол өнгө, хөгжим тавиагүй шал түүхийгээрээ ч гэсэн сэтгэлд хүрч чадсан. Энэ дүрийг бүтээсэн эхнэртээ бас баярлалаа гэж хэлмээр байна. \Эхнэрээ магтаж болохгүй ээ. Инээв\

Н.Золбоот: Бид продюсерээ “пороро” гэж дууддаг. Манай Сараа пороро хийхийн зэрэгцээ сайхан ээжийн дүр бүтээсэн. “Энэ чинь эмэгтэй хүүхэд шүү дээ” гээд уйлж байгаа хэсгийг нулимсгүй харах хүн бараг байхгүй дээ. Та бүхнийг үзэж, мэлмэрээрэй л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Та хоёртоо уран бүтээлийн амжилт хүсье.

– Баярлалаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “О.Бат- Өлзий: “Борлог Нацаг”-ийн дүрийг Золбоотын ааш араншинд тааруулж бичсэн

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.