Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Төв болон Баруун, Зүүн Өмнөд Азийн бүсийн Хүний болон нийгмийн хөгжлийн захирал София Шакил, Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулин нартай уулзлаа.
Уулзалтын үеэр ахмадуудад үйлчлэх жишиг хөгжлийн төвийг барих, хөгжлийн бэрхшээлийг тогтоохдоо эрүүл мэндийн олон улсын ICF ангиллын дагуу тогтоох төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа. ICF ангилал гэдэг тухайн хүний өдөр тутмын нийгмийн харилцаанд оролцоход ямар үйлдэл нь хязгаарлагдаж байгааг тогтоон, түүнд нь тохирсон халамж, нийгмийн үйлчилгээг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг бодлого юм. Энэхүү ангиллыг Англи, Америк, Тайланд, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд үйл ажиллагаандаа ашигладаг. Гэтэл манай улсын хувьд хүнийг бие эрхтний согогоор нь хөгжлийн бэрхшээлийг хувь зааж тогтоодог нь буруу тогтолцоо болж байгааг уулзалтын үеэр дурдав.
Азийн хөгжлийн банк дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойг мэдэгдэж, цаашдаа Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран төслөө шуурхайлан хэрэгжүүлнэ хэмээлээ.
Манай улс Азийн хөгжлийн банктай өнгөрсөн хугацаанд олон сайн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Мөн энэ онд Архангай аймгийн төвийн барилга ашиглалтад оруулах юм.