1972 оны энэ өдөр бүтээл бүрээрээ хүмүүсийн сэтгэл зүрхийг булааж чадсан, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс Дархан хотод мэндэлжээ. Л.Өлзийтөгс нь Монгол судлаач, сэтгүүлч мэргэжлээр их дээд сургууль дүүргэсэн.

‘Ардын эрх’ болон ‘Өчигдөр’ сонинд ерөнхий редактор, сурвалжлагчаар ажиллаж байгаад 2000 оноос хойш уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.
Тэрбээр урлаг утга зохиол, гоо зүй, танин мэдэхүйн чиглэлийн 100 орчим номын ерөнхий редактораар ажилласан бөгөөд өөрийн бие даасан эсээ болон шүлгийн түүврийн номнууд ч гаргасан байна.
Хамгийн анх ‘Тэргүүн бүлэг’, Тэнгэрт ургадаг модод’ –оос эхлээд ‘Эрх чөлөөтэй байхын урлаг’, ‘Нүдний шилэнд үлдсэн зургууд’, ‘Үзэхийн хязгаар’ зэрэг ном бичиж, гаргасан нь уншигч залуусын сонорхолд ихээхэн нийцсэн.
Мөн ‘Монголын сонгомол яруу найраг’, ‘Монголын сонгомол тууж’, зэрэг үндэсний утга зохиолын цувралыг зохиолч, нөхөр Г.Аюурзанын хамтаар эрхлэн гаргасан байна.
Түүний утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын Зохиолчдын Эвлэлийн болон шилдэг бүтээлийн ‘Алтан өд’ шагнал болон Алтан гадас одонгоор шагнажээ.
Л.Өлзийтөгсийн яруу найргийн түүврүүд нь анх Солонгос хэлнээ хэвлэгдэж цаашлаад англи, хятад, польш, румын, унгар, серб, орос, япон хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн юм.
Мөн тэрбээр БНСУ-д төвтэй Азийн Яруу Найргийн Холбооноос эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлийн олон улсын зөвлөлийн гишүүнээр 2005 оноос хойш ажиллаж байна.
Саяхан буюу 2025 онд Сарны толь бичиг, Хайрын сүмээс дүрвэгсэд номоо гаргасан бөгөөд одоо ч шилдэг борлуулалттай, эрэлттэй байсаар байгаа юм.
