Б.Баярсайхан: Япон Улсад 4500 гаруй монгол оюутан суралцаж байна

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхантай хоёр улсын хамтын ажиллагаа болон хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна. Энэ талаар яриагаа эхэлье.

-Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн 10-р сарын 13-ныг хүртэл нийт зургаан сарын хугацаанд үргэлжилж,  дэлхийн 158 улс, 7 олон улсын байгууллага оролцох юм. Монгол Улс тус ЭКСПО-д Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Чингис хаан үндэсний музейтэй хамтран оролцож байгаа бөгөөд манай улсын асар үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж байна. Монголын асар нь “Монголын амар амгалан — Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ. Худалдааны хэсэгт үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний дээж болох арьс шир, ноос ноолуур, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг борлуулж байна.

ЭКСПО-гийн хүрээнд Монгол Улсын үндэсний өдөрлөгийг 2025 оны 7-р сарын 27-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулах онцгой хөтөлбөрүүдийг танилцуулахаар бэлтгэж байна.

-Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөөч. Нийтдээ хэд орчим оюутан Япон Улсад суралцаж байна вэ?

-Япон Улсад 2024 оны байдлаар 4523 монгол оюутан суралцаж байна. Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ГХЯ-тай “Монбүшёо” хөтөлбөр, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт JICE хөтөлбөр”, “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих 1000 инженер хөтөлбөр”, “Sakura” шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр зэрэг олон төслүүд бий.

Япон Улсын Засгийн газраас 2007 оноос эхлэн “JENESYS” буюу Зүүн Азийн хүүхэд залуусын өргөн хүрээний харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд хөтөлбөрийн шугамаар 2024 оны 2-р сарын 16-25-нд 89 сурагч, 6-р сарын 29-ний өдрөөс 7-р сарын 9-ний хооронд орон нутгийн ахлах сургуулийн 50 сурагч Япон Улсад ирж, японы ахлах сургуулийн байдалтай танилцаж, японы соёлоос суралцах, япон айлд зочлох, Япон Улсын соёл урлаг, зан заншил, боловсрол, спорт зэрэг арга хэмжээнд оролцсон.

Мөн Монгол Улсаас анагаах, сувилахуйн ухааны оюутнууд нэмэгдэж буйтай холбогдуулан, цаашид богино хугацаанд суралцан төгсдөг сувилагчийн сургалтад монгол залуучуудыг хамруулах, сургаж авах, цаашид оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны сургуулиуд туршлага солилцох зэрэг нарийн мэргэжлийн дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь анагаах ухааны салбарт оруулах урт хугацааны хөрөнгө оруулалт болох боломжтой гэж үзэж байна.

Дэлхийн Монголчууд-ІI” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Миний Монгол сургууль”, “Монгол хүүхдийн ордон” сургуулиудтай тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэн “Цагаан толгойн баяр”, салбарын нээлт зэрэг тэмдэглэлт арга хэмжээнд оролцож, ЭСЯ-ны оролцоог японы иргэд, олон нийтэд сурталчилж ажилласан байна.

Түүнчлэн Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ нь дэлхийн Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд Монголч эрдэмтдийн ээлжит хаврын хуралдаанд оролцож, “Монгол Улсын Элчин сайдын нэрэмжит шагнал”-ыг анх удаа Чиба-гийн их сургуулийн Технологийн сургуулийн дэд профессор А. Коноэ-д гардуулсан. Цаашид жил бүр энэхүү шагналыг Монгол судлалд хувь нэмэр оруулж, монголын тухай шилдэг судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийсэн залуу эрдэмтэнд олгох юм.

-Элчин сайдын нэрэмжит “Сакура цом” гольфийн тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь хилийн чанад дахь Монголчууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болдог гэдгийг анзаарлаа.

– Тэгэлгүй яах вэ. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит “Сакура цом 2025” гольфийн тэмцээн нь дэлхийгээр тархан суурьшсан монгол иргэдийн хамтын ажиллагаа, харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Тус тэмцээнд нийт 60 гаруй тамирчид оролцож, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Цаашдаа цар хүрээгээ тэлж, хилийн чанад дахь олон Монголчууд тэмцээнийг зорин ирэх байх гэж бодож байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анхны айлчлалаа хийх гэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад түүхэнд анх удаа хийх гэж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог.

Уг төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой айлчлал юм.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.