Тайландын муатай бокс болон Японы кикбоксын мэргэжлийн тамирчин Б.Ундрамтай ярилцлаа. Япон Улсад амьдарч байгаад хүсэл мөрөөдлийнхөө төлөө Тайланд Улсыг зорьсон тэрээр Пукет хотын Патонг болон Бангла стадиумын 4 аваргын бүстэй юм. Тэрээр энэ төрлийн спортод хүч үзэж буй Монголын цор ганц эмэгтэй мэргэжлийн тамирчин юм.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу? Намайг Б.Ундрам гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн, ээж ааваасаа тавуулаа. Япон Улсад анх дунд сургуульд сурахаар ирж байсан. Японд их сургуулиа төгсөөд, ажиллаж байгаад өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Тайланд Улсыг зорьсон. Тулааны спорт дотроо хүнд төрөлд ордог босоо тулаан болох муатай, кикбоксын мэргэжлийн тамирчин болоод Тайланд болон Японд мэргэжлийн тэмцээнүүдэд оролцдог.

-Яг энэ төрлийн мэргэжлийн тамирчид Монголд байдаг уу?
-Монголд муатай спортоор хичээллээд, сонирхогчдын тэмцээнд ороод явж байгаа залуу үеийн эмэгтэй тамирчид нэмэгдэж байгаа харагддаг. Яг надтай адилхан өөр улсын тэмцээнд ороод идэвхтэй явж байгаа мэргэжлийн тамирчид бараг байхгүй байх. Олон жилийн өмнө тулалдаж байгаад больсон тамирчид бол олон байгаа.
-Энэ төрлийн тулааны спорт эмэгтэйчүүдэд их хүнд шүү дээ.
-Энэ спортод мэргэжлийн тамирчин болоод явахад маш их золиос шаарддаг. Залуу байгаа дээрээ өөрийнхөө зорилгыг биелүүлчихье гээд гэр бүл зохиохоо хойш тавихаас эхлүүлээд олон золиос гаргадаг. Тайланд боксын төрөл учраас зөвхөн гар, хөлөөс гадна тохой ордог учраас нүүрэн дээр шарх сорви их авна. Бэртэл гэмтэл их авдаг, их эрсдэлтэй спорт л доо.

-Ээж аав нь энэхүү спортыг сонгоод явахад яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж ямар ч эцэг эх охиноо хүнд төрлийн спортыг сонгоод явахад дуртай байхгүй гэж бодож байна. Дэмжихгүй байх гэдгийг нь мэдэж байсан болохоор ийм спортоор хичээллэдэг гэдгээ бол хэлж байснаас мэргэжлийн тамирчин болно гэдгээ эхлээд хэлээгүй. Аав ээж хоёр Японд болон Тайландад ирж тэмцээнийг минь үзээд сэтгэгдэл өндөртэй байсан. Гэхдээ зарим зарим цохилт авсан хэсгүүдийг харж чадахгүй байсан гэдгийг нь сүүлд сонссон.
-Анх хэзээ мэргэжлийн тэмцээнд оролцсон бэ? Одоо ямар амжилтууд үзүүлсэн байгаа вэ?
Анх 2020 оны 2-р сард Японд кикбоксын мэргэжлийн тулаанд яг ковид гарах үеэр оролцож байсан. Тэр тэмцээнд туршлагагүйгээсээ болж олон зүйл дээр алдаж, алдаанаасаа суралцсан. Одоо кикбокс, муатайн нийт 17 тэмцээнд оролцсоноос 12 ялалт, 4 ялагдал, 1 тэнцсэн гэсэн оноотой явж байгаа. Мөн Тайландын Пукет хотын Патонг болон Бангла стадиумын аваргын дөрвөн бүстэй.

-Тэмцээнд ялалт байгуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?
Гадаадад олон жил болсон Монголчууд их эх оронч үзэлтэй болдог юм байна. Би ч өөрөө эх оронч үзэлтэй болсон. Тэмцээнд ялалт байгуулаад Монголынхоо далбааг намируулж байгаа мөчид аав ээжийгээ санана, эх орноо санана. Хэдхэн хормын энэ мэдрэмжийг авахын тулд маш их золиос гаргаад явж байна.
-Энэ спорт Монголд хэр хөгжиж байгаа гэж боддог вэ? Манай улс тамирчдаа хэр сайн дэмждэг вэ?
-Монголд тулааны спорт сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа гэж боддог. Гэхдээ бусад орнууд болон бусад спортын төрлүүдтэй харьцуулахад маш бага дэмжлэгтэй гэж хардаг. Монголчууд тулааны спортыг спорт талаас нь харахаасаа илүү зодоон цохион хийгээд яваад байна гэсэн нийтлэг ойлголттой байдаг гэж анзаарагдсан. Тайланд, Япон, АНУ-д болдог том том тэмцээнүүдэд оролцоод, энэ спортыг хөгжүүлье гээд явж байгаа тамирчид Монголд олон байгаа учраас энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Миний анзаарснаар Монгол тамирчид маш их бяртай, хор шартай учраас энэ спортод амжилт үзүүлэх боломж өндөр.

Олон улсын тэмцээнүүдэд оролцоход Боксын Холбоод энэ тамирчныг Монгол Улс нь хэрхэн дэмждэг вэ гэдгийг маш их хардаг юм билээ. Монголчууд фейсбүүкийг их ашигладаг хэрнээ инстаграмыг их ашигладаггүй. Дэлхий даяар тамирчид, холбоод инстаграмыг өргөн ашиглаж, хэр их дагагчтай гэдгийг нь хардаг. Тийм учраас инстаграмыг минь дагаж, лайк дарж, тэмцээнүүдэд оролцоход дэмжиж байгаарай гэж хүсье.
-Гадны тамирчид Монголын талаар их асуудаг уу?
-Монгол гэнгүүт Чингис хаан гэж хамгийн түрүүнд хэлдэг. Монгол хүмүүс их бяртай, та нар юу иддэг вэ гэж асуудаг. Бид нар мах иддэг, маханд дуртай, маш сайхан соёлтой нүүдэлчин ард түмэн гэж Монголоо сурталчилдаг даа.
-Спортоор хичээллэснээр ямар давуу талуудтай болсон бэ?
-Спорт хүнийг сахилга баттай, тууштай болгодог. Би өдөр бүр 06:30 цагаас 10 км гүйж бэлтгэлээ эхэлдэг. Тэгэхээр 05:00-05:30 цагийн хооронд эрт босож эхэлнэ. Хоолоо хянадаг болно, сайн зуршилтай болно. Цас, бороо орсон ямар ч үед бэлтгэлээ хийнэ. Хүнийг хорт зуршлуудаас холдуулж, эерэг зуршлуудтай болгодог.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор зорьж байна вэ?
-Тайландад болж буй Олон улсын тэмцээнүүдэд оролцоод явна гэсэн зорилготой байна. Тайландад байдаг Дэлхийн хамгийн анхны муатайгийн ордонд тэмцээнээ хийхийг ойрын зорилгоо болгоод бэлтгэлээ хийгээд явж байна.