Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 43 жил хөдөлмөрлөж, хөдөөгийн цэцэрлэгийг Улсын тэргүүний цэцэрлэг болгосон Доржийн Сумъяа нь гавьяатын дайтай хөдөлмөрлөсөн нэгэн. Наян нас руу дөхөж яваа ахмад буурал тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, Эрдэнэмандал суманд сурагч насаа үдэн, ажил амьдралын гараагаа эхэлсэн ч, Өндөр-Улаан суманд хийж бүтээх, амжилт ололтын алтан үеэ өнгөрүүлжээ.
– Таны бага насны дурсамж, ээж аавынх нь талаар ярилцлагаа эхэлье?
Миний аав цэцэрлэг, сургуулийн галч, манаач зэрэг ажлуудыг олон жил хийсэн эгэл жирийн хүн байсан. Цэргийн алба хааж байхад нь эх орны дайн эхэлсэн гэдэг. Дайнд манай тэр хавиас 3 хүн явж, 6 жилийн дараа аав л амьд мэнд эргэж ирсэн. Дайнд амь үрэгдсэн 2 цэргийн ар гэрийн малыг хариулах, нүүдэл суудал хийх гээд тусалж болох бүхий л ажилд ах, эгчийг явуулдаг. Өөрөө ч их тус болдог хүн байсан гэж нутгийн хөгшчүүл дурсан ярина. Гэртээ муу зүйлийн тухай огт ярьдаггүй, манай ажил дээр өнөөдөр тийм сайхан зүйл боллоо, тэнд тийм сайхан зүйл болж гэнэ л гэж ярина.
Ээж маань сургуулийн цэвэрлэгч, тогооч, үйлчлэгч зэрэг ажлуудыг олон жил хийсэн. Оёж хатгах, идээ цагаа боловсруулах, хүнд үйлчлэх гээд л эмэгтэй хүний хийх ёстой бүхий л ажилд гаргуун нэгэн байв. Нэг жил ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох танхим сургуулиудад бий болж, түүнд нэг хүнийг сонгон ажиллуулахаар болж гэнэ. Сургуулийн захиргаа ээжийг л тэнд ажиллуулахад тохирох хүн гэж сонгосон гэдэг. Ээж маань 96 насалсан.Нэг албаны хүн ээжээс “Таны урт наслаж байгаагийн нууц нь юу вэ?” гэж асуухад “Хүүхдүүд минь төлөв төвшин, сайн сайхан яваа учир эмээ нь урт насалж байна даа” гэж билээ.
Зунд нь манайх хөдөө гарч малаа маллан, сүү саалиа боловсруулдаг, намар сургууль, цэцэрлэгийн ажил эхлэхээр сумын төвдөө ирдэг байсан.
– Танайх өнөр айл байсан уу?
Бид эгч, дүүс арванх нэгүүлээ. Би долоо дахь нь. Бидний дунд багш, инженер, хуульч, ажилчин, хурандаа, малчин, жолооч гээд олон мэргэжлийн хүмүүс бий. Ах Нямсүрэн цэргийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга байсан. Дүү Сундуйсүрэн аймгийн Цагдаагийн Газрын даргаар ажиллаж байгаад, АТГ-ын дэд даргаар дэвшин ажилласан бөгөөд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Дэмбээ эгч арьс ширний үйлдвэрийн ударник, Баасансүрэн ах маань аймгийн аварга тууварчин гээд бид салбар салбартаа л манлайлан ажиллаж байлаа. Аав,ээж минь өөрийн ба өрөөлийн хүүхдүүдийг үг хэл,үйл ажлаараа үлгэрлэн сургадаг мундаг хүмүүс байсан.
– Ажлын гараагаа хэзээ,хаанаас эхлэв?
Цэцэрлэгийн багшийн сургуулийг 1969 онд төгсөөд, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэгт хуваарилагдан, нэг жил багшаар ажилласан. Дараа жил нь эрхлэгчээр дэвшин, 1970-1985 он хүртэл ажиллахдаа Аймгийн тэргүүний цэцэрлэг болгосон. Харин 1985 онд Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ирсэн.
– Өндөр-Улаан сум руу яагаад шилжих болов?
Миний хань Өндөр-Улаан сумынх. Нутагтаа очоод гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа аав ээжийгээ асарч тойлон, хамт байх юмсан гэж их ярина. Ханийнхаа тэр бодлыг дэмжиж, төрж өссөн нутаг руу нь шилжихээр шийдсэн. Тэр үед Өндөр-Улаан сумын удирдлагууд мэргэжлийн хүнийг цэцэрлэгийн эрхлэгч болгомоор байна гэсэн хүсэлтийг аймгийн боловсролын газарт тавьж байсан юм билээ. 1985 оны намар аймгийн багш нарын сургалт, семинарын үеэр Өндөр-Улааны цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Манай хүн тэр жил эвлэлийн ажлаар гадаад оронд явах байсан ч гадаад оронд яваад ирсэн хүн ажлаа үргэлжлүүлж хий гээд эндээс явуулахгүй байж мэднэ. Тэгээд бид хоёрыг сум руу шилжүүлэхгүй болчихно гээд гадаад явахаас татгалзаж билээ.
Татан буугдсан цэцэрлэгийн 2 эрхлэгчтэй уулзаж, хөрөнгөнөөс нь олигтой гэсэн болгоныг нь ялган, комиссоор шалгуулаад, ЗИЛ-130 машины тэвш дүүрэн ачаа авчирч билээ.
–Аймгийн тэргүүний цэцэрлэгээ орхиод хадмынхаа нутагт ирэхэд ямархуу орчин угтав?
Өдөр, шөнө шиг ялгаатай орчин угтсан. Тохитой газраас ирсэн болоод ч тэр үү сэтгэлд нийцэх юм ер алга. Ажлаа хүлээж аваад, хар даалимбаар комбинзон хийж өмсөөд,шинэ хамт олонтойгоо өглөө, үдэшгүй ажиллалаа. 28 хонож байтал Боловсролын яамнаас шалгалт ирж, манай цэцэрлэг хангалтгүй дүн авч, радио, телевизээр цоллуулав. Ядаж байхад тоглоомын талбайгаа засах гээд банз мод буулгасан, хуучин хайсаа авчихсан байтал аймгаас сурвалжлагч ирж зураг аваад, цагдаагийн байгууллагын “Жигшил” самбарт тавьж, том сануулга өгөв. Тоглоомын талбайг шинээр байгуулахад сургууль, худалдаа бэлтгэлийн анги, сум нэгдлийн удирдагууд их тусалсан. Нэгдлийн мужаан Жамба гуай 8 өрөөтэй хүүхдийн жорлон,100 ширхэг хушин сандал хийж өгч билээ. Мужаан Андрейгаар бүх ангийн хаалга, цонхыг засууллаа. Эрдэнэмандалын ахуй үйлчилгээнд 2 ээлжийн цоохор даавуун хэрэглэл, аймгийн ахуй үйлчилгээнд матрас, хөнжил захиалан, хангамжийн газраас төрөл бүрийн будаг, хулдаас, хадаас мэтийн барилгын материал авав. 1987 оны төсөв хэлэлцэх үеэр аймгийн боловсролын газрын нягтлан бодогч Өлзийбат гуай ахиухан төсөв өгч их тус болсон юм. Тэр үед аймгийн 5 цэцэрлэг татан буугдав. Татан буугдсан цэцэрлэгийн 2 эрхлэгчтэй уулзаж, хөрөнгөнөөс нь олигтой гэсэн болгоныг нь ялган, комиссоор шалгуулаад, ЗИЛ-130 машины тэвш дүүрэн ачаа авчирч билээ. Боловсролын яаманд хадам аавын дүүгийнх нь хүүхэд мэргэжилтнээр ажилладаг байсан. Энэ дүүгээрээ хөөцөлдүүлж байж яамнаас чиргүүлтэй машин дүүрэн тоног төхөөрөмж авчирсан. Эцэг эхчүүдийн дэмжлэгээр шинэ гэртэй болж, хөргөгч авч, бүх ангидаа хивс, дрож дэвслээ.Цэцэрлэг маань овоо ч тохижиж, ажлаараа, сургалтаараа ч бусдаас онцгойрч эхэлсэн.
2005 онд Улсын тэргүүний цэцэрлэг болсон. Энэ нь миний улсад 43 жил хөдөлмөрлөсөн ажлын үнэлгээ гэж боддог.
– Хэдэн онд улсын тэргүүний цэцэрлэг болов?
2003 онд тэргүүнийг дагаж тэргүүн болох зорилт тавьсан. Ингээд Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Улаанбаатарын Улсын тэргүүний цэцэрлэгүүдээр очиж туршлага судлан, судалснаа ажил хэрэг болгож, 2005 онд Улсын тэргүүний цэцэрлэг болсон. Энэ нь миний улсад 43 жил хөдөлмөрлөсөн ажлын үнэлгээ гэж боддог.
Дан ганц улсын төсвөөр бүхнийг шийдэх боломжгүй ч санаачилга байвал шийдэх гаргалгаа ч бас байдаг.
– УИХ-ын 76 гишүүнийг лоббидсон гэж сонссон. Энэ тухайгаа яривал?
Манай цэцэрлэг нэг барилгатай байсан нь олон жилийн насжилттай, аюулгүйн стандарт хангахгүй болж, 2006 онд МХГ-с ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул 5-6 гэр бариад, хүүхдүүдээ 2006-2011 он хүртэл гэрт хичээлүүлсэн. Шинээр барилга бариулахаар хэдэн жил хөөцөлдсөн ч 100 хүүхдийн багтаамжтай барилга баригдах төсөв 2010 онд батлагдаад барилгын ажил эхэллээ.Цаана нь 50 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэх гээд байдаг. Ингээд 50 хүүхэд хичээллэх анги, бас урлагийн заалтай барилга нэг мөсөн бариулахаар дахин төсөв хөөцөлдтөл дэмжих, шийдэх хүн олдсонгүй. Манай сумын сэтгүүлч охин Л.Ганчимэг “Өдрийн” сонинд ажилладаг байлаа. Энэ сэтгүүлчээр “Идэр есийн жаварт бяцхан хүүхдүүд гэрт хичээллэх нь” гарчигтай сурвалжилга бичүүлж, сонинд хэвлүүллээ. Тэр сонингоо УИХ-ын гишүүн бүрийн ширээн дээр өглөөний хуралдааны өмнө тавиулж, тэд ч нөхцөл байдлыг уншиж мэдээд, төсөв нэмж хуваарилж билээ.Төсөв батлагдсан ч анхны зураг төсөлд өөрчлөлт хийх болов. Ажил нь аль хэдийн эхэлсэн барилгын зураг төслийг яаралтай өөрчлөн хийх байгууллага олддоггүй. Өмнөговь аймагт ижил төстэй барилга баригдсан сураг гаргаад, тэндээс зураг төсөл авсан. Ингээд 2011 онд 150 хүүхдийн багтаамжтай, урлагийн заалтай шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, бас уурын зуух бариулж, дэргэд нь худаг гаргуулж амжсан. Энэ барилгын ажлаар 2010 онд Улаанбаатар хот руу 11 удаа явахдаа 1 удаа л томилолт, замын зардлаа төсвөөс авсан. 10 удаа явсан зардлаа хувиасаа төлж билээ. Энд тэндээс бараа материал,техник хэрэгсэл авна.Түүнийгээ өөрөөсөө мөнгө төлөөд л очих газраа хүргүүлнэ.Тэр үед хувийн унаа ч байсангүй. Дан ганц улсын төсвөөр бүхнийг шийдэх боломжгүй ч санаачилга байвал шийдэх гаргалгаа ч бас байдаг.
– Тэр гаргалгаа нь таны санаачилсан ямар ажлууд байв?
2008 онд хамт олноороо томоохон концерт бэлтгэн, ард иргэдэд тоглолт хийлээ. Нэг билетээ 2000 төгрөгөөр үнэлж, дажгүй орлого олсон. Олонд улиг болоогүй шинэхэн авьяастнуудыг ард иргэд ч ихээр цуглаж үзсэн.
160 гаруй малтай туслах аж ахуйг бий болгосон. Жилд 3 үхэр, гучин хонь гаргана. Зун нь сүү саалиараа төрөл бүрийн цагаан идээ хийнэ.Түүнийгээ зах зээлд борлуулж,төсвийн мөнгөөр авч чадахгүй бүхнээ худалдан авдаг байлаа.
Намар хичээл сургууль эхлэхээс өмнө хамт олноороо жимс, сонгино, мэхээр түүхээр явцгаана. Жилд 5-8 тонн хоол, хүнсийг байгалийн баялаг ашиглан хийдэг байв.
Гадаад, дотоодын санхүүжилттэй, хөрөнгө оруулалттай 11 төслийг хэрэгжүүлж, сургалтын орчин ба багш нарынхаа арга зүйг дээшлүүлсэн.
– Цэцэрлэгийнхэн чадахгүй юм байхгүй гэж хүмүүс ярьдаг. Боловсон хүчнээ хэрхэн сонгодог, яаж хөгжүүлдэг байсан бэ?
Мэргэжлийн мэдлэгээс гадна, хувь хүний хөрвөх чадварыг давхар шалгаж ажилд авна. Ажилд томилонгуут ажлын байраа танилцуулж, зааварчилга өгч эхний гарын үсгээ зуруулна. Дараа нь эрүүл ахуйн дүрэм, СӨБ-той холбоотой хууль, журам судлах даалгавар өгч, явцын дунд шалгалт авна. Хөндлөнгийн шалгалт ирсэний дараа алдааг нь хэлж, алдаагаа засах, сайжруулах үүрэг өгч, бас дахин гарын үсэг зуруулна. Энэ нь нэг ёсондоо хамтын хариуцлагын баталгаа юм даа. Жилд нэг багшийг бакалавр, магистрын сургалтад явуулж, тэргүүний цэцэрлэгүүдтэй багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манайхан ч бас нэгнийгээ ур чадварын уралдаанд оролцох, магистр хамгаалах, сурган хүмүүжүүлэх илтгэл бичих гэх мэт ажилд хамтаараа л тусалж, санаа онооогоо хэлж, бие биенээ хөгжүүлнэ. Аймгийн Боловсролын Газар, Боловсролын яам ч бидний хөгжил, дэвшилд ихээхэн анхаарч, олон сайхан сургалтад хамруулсан. Сурч мэдсэнээ хэрэгжүүлэхэд нь ямар материал шаардлагатай байгааг нь бичүүлж аваад, хангаж өгдөг байлаа.
Олон нийтийн байгууллага нь хүнийг хөгжүүлдэг дарханы газар юм.
–Цэцэрлэгийн эрхлэгчээс гадна шийдвэр гаргах бусад түвшний ажил ч юмуу, төрийн бус ямар нэгэн байгууллагад ажиллаж байв уу?
Өндөр-Улаан ба Эрдэнэмандал сумын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгчээр 20 гаруй жил, Эрдэнэмандалын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 7 жил ажилласан. Аймгийн депутатаар сонгогдож, аймгийн намын хорооны товчооны гишүүнээр томилогдтол эмэгтэйчүүдийн байгууллагын дарга давхар хийж болохгүй гээд даргын ажлаа өгч билээ. Сумын депутат, ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон. Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагад ч ажиллаж байлаа. Олон нийтийн байгууллага нь хүнийг хөгжүүлдэг дарханы газар юм.
– Таны болон танай хамт олны ажлын туршлага олон нийтэд хэрхэн түгэн дэлгэрэв?
1986 онд аймгийн телевизээр манай хамт олны ажлын туршлагыг сурталчилж, бие даасан нэвтрүүлэг гаргасан. 1987-2006 онуудад МҮОНТ-ийн “Аяны богц” нэвтрүүлгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэр төрлийг олшруулж, хоол хүнсээ өөрсдөө бэлтгэдэг тухай тогооч Цэрэндулам, Мөнх-Учрал нарын туршлага орон даяар түгсэн. 2006 онд “Архангай аймгийг сурталчлах нэг өдөр” арга хэмжээнд манай цэцэрлэг сонгогдон оролцож, үйл ажиллагаагаа орон даяар танилцуулсан. 1997 онд “Архангайн үнэн” сонинд манай хамт олны тухай сурвалжилга, 2000 онд “Хямралд ороогүй хамт олон” гарчигтай нийтлэл, 2009 онд “МОНЦАМЭ мэдээ” сонинд “Шаавай Сумъяа”, дараа жил нь мөн сонинд “100 давсан хувьтай соёлч байгууллага” гарчигтай сурвалжилга, туршлагууд ч хэвлэгдэж байлаа.
Төр, засгийн шагналаас илүү ард иргэдийн сэтгэлийн үг хүнд их урам өгдөг.
–Таны энэ их хөдөлмөр, зүтгэлийг төр засаг болоод дээд шатны байгууллагууд хэрхэн үнэлж байв?
1987онд манай цэцэрлэг улсад 3-р байр эзлэхэд, намайг ОХУ-д 45 хоног аялангаа мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнасан. Тэнд очоод Ленинград хотын сурган хүмүүжүүлэх институтэд мэргэжил дээшлүүлсэн. 1996 онд багш нарын их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. 1996 онд малчдын хүүхдэд СӨБ олгох улсын зөвлөгөөнд урилгаар оролцуулж байлаа. 1996 онд БТА, 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд Алтан гадас, 2013 онд сумын 90 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Төр, засгийн шагналаас илүү ард иргэдийн сэтгэлийн үг хүнд их урам өгдөг. Нэг удаа их эмч Ширмээ “Би дүүгүүрийн чулуу шиг явж байхдаа хүүхдүүдийнхээ юм сурах насанд нь Өндөр-Улааны цэцэрлэгт өгсөндөө баярлаж явдаг” гэж билээ.
– Хамт олныхоо талаар та юу хэлэхийг хүсч байна вэ?
Аз жаргал ажлыг дагаж ирдэг гэдэг. Бид аз жаргалтай,сэтгэл хангалуун, эвсэг хамт олон байлаа. Хэн нэг нь байшин баривал очоод чадах бүхнээрээ тусалж, байрандаа орохоор угааж арчихад нь хүртэл тусална. Энэ нь багаар ажиллахад суралцах бас нэг арга юм. Бид баяр жаргал, зовлон бэрхшээлд ч хамт байдаг хүмүүс. Дээрээс зохицуулчихсан юм шиг ажил, төрлөөрөө манлайлсан ажилсаг хүргэн бэрүүдтэй. Улсын тэргүүний цэцэрлэг болоход шагналыг нь 1 сая төгрөг дагалдаж ирдэг юм билээ. Тухайн үедээ энэ нь их мөнгө байсан. Бидний ажилд ихээхэн тус, дэм болдог хүргэн, бэрүүдээ хүлээн авч, шагналынхаа мөнгийг хуваан өгч урамшуулаад, хамтын амжилтаа хуваалцаж байлаа.
Хань минь зурах, гоё сайхан бичих авьяастай. Цэцэрлэг, сургуульд нэлээд тооны үзүүлэн, самбарын бичвэрийг хийж, хэд хэдэн кабинетыг байгуулж өгсөн.
–Аливаа хүн амжилт гаргах, сайн явахад ар гэрийн дэмжлэг их чухал байдаг. Та гэр бүлийнхээ, бас хадмуудынхаа тухай яривал?
Миний ханийг Дагвын Натаарагчаа гэдэг. Боловсролын салбарт олон жил ажилласан багш хүн. Улсын тэргүүний пионерийн удирдагч, БТА, Алтан гадас одонгоор шагнагдсан. Анх багшийн сургуулийг пионерын удирдагч мэргэжлээр төгсөөд хэдэн жил ажилласан. Дараа нь түүх нийгмийн ухааны багшаар сурч, багшийн ажлыг хийсээр гавьяаныхаа амралтанд гарсан. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон. Зурах, гоё сайхан бичих авьяастай. Цэцэрлэг, сургуульд нэлээд тооны үзүүлэн, самбарын бичвэрийг хийж, хэд хэдэн кабинетыг байгуулж өгсөн. Тэр үед одоотой адил компьютер, бэлэн хэрэглэгдэхүүн байсангүй. Бүгдийг л гараар бичнэ, хийнэ, урлана. Ямар ч ажлыг сэтгэлд хүртэл хийдэг нямбай, чамбай хүн. Манайх 3 охинтой. 2 охин төрийн байгууллагад, 1 охин маань хувийн хэвшилд ажилладаг.
Хадам аав, ээж маань бас л их ажилсаг хүмүүс байсан. Аав минь ямар ч хүнд урам хайрладаг хүн байв. Хадам ээжээсээ үйл урлах, идээ цагаа боловсруулах арга технологийг сурсан. Хадам ээжээс хотод очоод тэр, тэр ах, эгчийнд өгнө гэж хэлээд цагаан идээг нь боолгож аваад л явна. Тэр идээгээ хотод очоод албаны хүмүүст өгч, ажлаа бүтээнэ. Өндөр-Улаан цагаан идээгээрээ улсад алдартай. Олон ч ажлыг бүтээхэд нүүр тахалсан даа.
–Гавьяаныхаа амралтад гарсан ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тухайгаа дурсаач.
2012 онд тэтгэвэрт гараад гэртээ зүгээр сууна гэдэг өдөр өнгөрөхгүй хэцүү юм билээ. Сумын төвийн дэлгүүрүүд ихэнх нь хүнсний бараа зардаг. Торго бөс барааны төрөлжсөн дэлгүүр суманд байхгүй. Иймд эмэгтэйчүүддээ зориулан, торго бөс барааны дэлгүүр нээхээр шийдлээ. Төрийн байгууллагад ажилласан бидэнд хурааж,хуримтлуулсан мөнгө байх биш. Сум хөгжүүлэх сан болон банкнаас хүү багатай зээл авч, бараагаа татан дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн. Сүүлдээ өргөтгөн хүнс, төрөл бүрийн барааны дэлгүүр болгон сумынхаа иргэдийн хэрэгцээг хангаж байна. Төв зам дагуу “Буугаад морд” нэртэй буудал, хүнсний дэлгүүр, хоолны газар байгуулж, хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллуулж байна. Бас сумынхаа цагаан идээг сурталчлах зорилгоор цагаан идээний жижиг мухлаг нээсэн.
Аль ч байгууллага, хувь хүн нэгнийгээ амжилтад хүрэхэд атаархдаг биш, дараагийн амжилтад хүрэхэд нь хамтраад дэмждэг, тусалдаг баймаар санагддаг.
– Таны хэлэхийг хүсч буй зүйлээр ярилцлагаа өндөрлөе?
Байгууллага удирдаж буй хүн байгууллагаа гэхээсээ илүү албан хаагчдынхаа ар гэрт илүү анхаарч, тусалдаг, засаж залруулдаг байх нь чухал. Ар гэрээс нь татлаагүй, дарамтгүй хүн л сэтгэл амгалан ажлаа хийдэг.
Ахмадуудаа гавьяаных нь амралтад гаргаад мартаж болохгүй. Тэдэнд үйл ажиллагааны арвин туршлага байдаг тул үг, сургаалыг нь сонсдог баймаар.
Албан хаагчийнхаа амжилтыг дотроо хуваалцах биш, эцэг эх, олон нийтэд сурталчилж, төрийн албаны нэр хүндийг нь өргөж, урам өгөх хэрэгтэй.
Аль ч байгууллага, хувь хүн нэгнийгээ амжилтад хүрэхэд атаархдаг биш, дараагийн амжилтад хүрэхэд нь хамтраад дэмждэг, тусалдаг баймаар санагддаг.
– Ярилцсанд баярлалаа.Танд сайн сайхныг хүсэж, удахгүй Гавьяат багш болоорой гэж ерөөе.
Subeedei.mn сайтын орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа
