Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд 24 жил барилдаж, дээд зиндааны 99 башёд гайхалтай амжилт үзүүлсэн эрхэм хүмүүн бол Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Өнгөрсөн жил өөрийн дэвжээгээ нээсэн тэрээр биднийг очиход шавь нартайгаа бэлтгэлээ хийгээд дуусаж байсан юм.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Зорин ирсэнд баярлалаа.
–Анх 1992 онд Япон Улсад хөл тавьж байсан түүхээ эргэн сөхвөл.
-Анх 16, 17 настай зургаан хүүхэд энэ орныг зорин ирж байлаа. Тэр цагаас хойш 33 жил өнгөрсөн байна. Энхбат, Батбаяр бид 3 үлдээд, Батжаргал,Түмэндэмбэрэл, Мөнхболд гурав Монгол руугаа буцсан.
Японы сүмод барилдах хүүхдүүдийг шалгаруулж авна гэсэн зарыг аав минь зурагтаар харсан юм билээ. Миний жин, өндөр таараад, аав намайг Япон яв гэсэн юм. Япон гэдэг чинь их агуу орон шүү дээ. Тэр болгон хүн явчихдаггүй. Би тэр үед Налайхын КТМС-д сурч байсан юм. Ямар ч байсан Япон гэдэг орныг үзье гэсэн бодолтой ирж байлаа.
-Хэл ус, соёл заншлыг нь мэдэхгүй газар ирээд яаж даван туулж байв? Анхныхаа тэмцээнүүдээ эргэн нэг дурсвал.
-Сүмогийн барилдаан Япон даяар урт хугацаанд үргэлжилдэг. Эхлээд Осака, Нагояа гээд л 2 сар болоод л өөр газар луу яваад байдаг. Тэрийг нь ч сайн мэдэхгүй. Очсон газар бүрд хэл, ёс заншил нь өөр. Нэг хоёр жил юу болоод байгаагаа ч мэдэхгүй л байсан даа. Сайн дасаж чадахгүй, юм юм л сонин байсан.
–Үзэгчид барилдааныг л харахаас сүмогийн яг нарийн дэг жаягийг сайн мэдэхгүй шүү дээ. Их хатуу дэгтэй гэж сонссон.
-Сүмогийн нэг дэвжээнд орвол бүтэн жилийн турш хаана ч явсан бүгдээрээ хамт. Намайг анх ороход бараг 30 хүн бөөнөөрөө хамт амьдраад, манайхаар бол дотуур байр ч юм шиг. Тэрэнд нь дасахгүй бас их сонин байсан л даа. Өглөө босох, орой унтах цаг нь тогтмол. Цэрэгт явж үзээгүй болохоор тийм дүрэм журам мэдэхгүй. Бас дэвжээнд орсон жилээрээ бөхчүүдээ ах гэж харьцдаг. Надаас дүү хэрнээ нэг жилийн өмнө дэвжээнд орсон бөхчүүдийг ах гэж хүндлэх нь бас их сонин санагдаж, зохицож чадахгүй байсан. Дүрэм журам нь их чанга. Анх ирэхэд юу гэж хэлсэн тэр хэлснээр нь л явдаг даа.
–Дээд зиндаанд нийтдээ хэдэн башёд барилдаж байсан бэ?
Нийтдээ 99 башёд барилдаж, хамгийн олон барилдсан гэдгээрээ дээд рекордыг нь эзэмшдэг юм билээ. 1470 орчим барилдсан.

–Та эцэг эхээсээ хэдүүлээ вэ? Ах дүү нарынх нь хүүхдүүдээс таны залгамж халаа болох хүүхдүүд бий юу?
– Эцэг эхээсээ дөрвүүлээ. Гурав нь Японд, нэг нь Монголд байдаг. Хамгийн бага дүү минь барилдаж байгаад больчихсон. Ээж жилдээ 2-3 удаа Японд ирдэг юм.
– 38 насандаа мэргэжлийн сүмод түрүүлэхэд ямар мэдрэмж төрж байв?
-38 нас арай хүрээгүй байхдаа түрүүлж байсан. Тухайн үедээ 99 жил орчим хадгалагдсан рекордыг нь эвдэж байсан юм билээ. Түрүүлж үзэх юм сан гэж хүн болгон л боддог байх. Яг 38 нас дөхөж ирээд түрүүлнэ гэж ёстой бодоогүй. Намайг дэмжсэн хүмүүст түрүүлж байгаагаа харуулж чадсандаа маш их баярладаг.
–Ижий тань л хамгийн их баярласан байх.
-Намайг барилдахад ээж Японд байсан. Манай хүүхдүүдийг харж өгөөд, намайг барилдаандаа саадгүй, элдэв юм бодохгүй байхад их анхаарсан. Тэмцээндээ бэлдчихээд амарч байх үед хүүхдүүдийг минь уйлуулахгүй гээд гадаа авч гарах ч юм уу. Ээж, эхнэр гээд эргэн тойрныхон бүгд л дэмжиж байсан. Тэрний хүчээр түрүүлсэн юм болов уу гэж боддог.
–1992 онд Япон Улсад ирэхэд маш том түлхэц болсон аав тань таны амжилтуудыг харж чадсан уу?
-Яг түрүүлэхэд харж амжаагүй. Уйлж байгаа бичлэг минь байдаг юм. Тэр үед мэдээж аавдаа харуулахыг хүссэн болов уу гэж боддог. Гэхдээ ээж минь харсан. Эх хүн гэдэг ямар нэгэн зүйлд л санаа зовж явдаг юм шиг байна лээ. Ярихгүй жаахан удчихаар байнга залгаж ярьдаг.
– Зодог тайлахдаа үсээ авхуулаад уйлж байгаа бичлэг байдаг. Сүмочин хүний хамгийн үнэ цэнтэй зүйл бол яалт ч үгүй үс нь байдаг шүү дээ.
-Барилдсанаасаа хойш үсээ тайруулалгүй 23 жил ургуулсан. Боосных нь дараа бага зэрэг янзалж тайрдгаас биш үсчинд засуулна гэсэн ойлголт байхгүй. Бэлтгэл хийгээд шороо, элс болчихоор угаана гэж их хэцүү л байдаг байсан. Сүүлдээ тэрэндээ дасаад бүр тоохоо ч больчихсон. Тэр үсээр л хүмүүс мэргэжлийн сүмо бөх гэж мэддэг. Бид кимоно, үсээрээ ялгарах учраас хамгийн дээдэлж явдаг. Дуртай хүнээр нь гар хүргүүлээд байдаггүй.

–Таны хувьд өнгөрсөн онд дэвжээгээ нээгээд тусдаа гарсан. Дэвжээгээ бидэнд танилцуулж болох уу?
-Энэ манай бэлтгэлийн өрөө, хэдэн минутын өмнө хүүхдүүд бэлтгэлээ хийж дууслаа. Өглөө бүр 07:30-11:00 хүртэл бэлтгэлээ хийдэг. Хааяа нэг бүтэн сайн өдөр амраах тохиолдол бий. Хоёр давхартаа шавь нар амьдардаг. Хажууд нь би гэр бүлтэйгээ амьдардаг. 3 давхарт цол аваад орох 2, 3 өрөө бий. Чөлөөт цагаараа фитнес хийх танхимтай. Өглөө бүгд бэлтгэлээ хийчхээд зав зайгаараа энэ өрөөндөө фитнес хийх боломжтой.
Энд гурван луу гартаа алтан бөмбөг атгачихсан байгаа. Тэр алтан бөмбөг дээр гурван хүүхдийн минь нэр сийлээстэй байна. Намайг дэмждэг нэг Япон хүн хийж өгсөн юм.
–Та одоо хэдэн шавьтай бэлтгэл хийж байна вэ?
-Одоо 8 бөхтэй бэлтгэл хийж байна. Энэ хэдээсээ хамгийн дээр зиндаанд барилдаж байгаа нь манай Монголын Далайбаатар гэж залуу байна. Удахгүй цол авчих болов уу гээд горьдоод л байж байна.

-Бүх шавь нартаа адилхан л амжилт хүсэх хэдий ч Монгол хүн учраас дотроо мэдээж элэг нэгтнээ дэмжих байх.
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Нөгөө наймынхаа дотор хамгийн дээр нь явж байгаа. Нэг нь ч гэсэн дээшээ гарч байвал ар араасаа цувраад гарах юм болов уу гэж найдаж байна.
–Монголоос олон залуус танд шавь орохоор ханддаг уу?
-Тийм яриа ирдэг л дээ. Гэхдээ нэг дэвжээнд нэг гадаад хүүхэд гэсэн Сүмогийн холбооны дүрэм байдаг. Намайг ороход тийм дүрэм байгаагүй. Сүүлд нэг дэвжээнд хоёр гадаад бөх оруулах дүрэмтэй болоход Асашёрү аварга, Дашням хоёр нэг сургууль, Хакүхо аварга, Санчирболд хоёр нэг сургуульд орж байсан. Одоо харин дүрмээ өөрчилчихсөн учраас манайд ахиж гадаад хүүхэд орох боломжгүй.
–Монголоос сүмо бөх сонирхох залуусын тоо нэмэгдэж байна уу?
-Жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэж хардаг. Японы дунд, ахлах сургуульд сонирхогчдын сүмогоор барилдаж байгаа Монгол хүүхдүүд олон байдаг юм билээ. Боломж гарвал мэргэжлийн сүмод оръё л гэж боддог байх.
–Сүмо бөхийн хамгийн гоё нь юу вэ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг өөрөө хичээвэл дээшээ ахихад ямар ч саад байхгүй. Өөрийгөө ялаад л байвал аварга хүртэл явах боломжтой нь их гоё санагддаг. Нэг дэвжээнийхэн хамтдаа амьдарч байгаа нь бас сайхан. Тэр дунд хурдан амжилт ахиулж байгаа хүүхэд ч бий, удаан бодоод эргэлзэж байгаа хүүхэд ч бий. Энэ бүхэн нэг сургуульд болоод байгаа учраас бие биеэсээ суралцаж явдаг нь их сайхан.

–Монгол шавь, Япон шавь хоёрын ялгаа нь юундаа байдаг вэ?
-Нэг их ялгаа байхгүй. Гэхдээ манай Далайбаатар хурдан цол авъя гэж зорьж байгаа нь надад мэдрэгддэг юм. Зарим нь амраад байж байхад фитнесд дасгал хийж байх жишээтэй. Бусад нь түүнийг хараад бэлтгэлээ хийе гэсэн сэдэл аваад, бүгдээрээ хичээх юм болов уу гэж харж байна.
–Монголоо санаж байна уу?
-Санаж байна. 6 жил явсангүй. Энэ жил явах санаатай байна. Коронагаас болоод Сүмогийн холбоо явуулахгүй хэдэн жил болсон. Ноднин жил дэвжээгээ барьж байсан учраас явж чадаагүй.
–Хүүхдүүд нь сүмо сонирхдог уу? Хүүхдүүддээ Монгол ахуй, хэл соёлоо хэр сургаж байна вэ?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү минь сүмо сонирхдоггүй, барилддаггүй. Хүүхдүүд Монголд багадаа их очдог байсан. Сургуульд орсноосоо хойш яваагүй. Ээжийг ирэхэд миний шаардлагагүйгээр л хоорондоо ойлголцоод байдгаас харахад хэлний хувьд дажгүй гэж хардаг.

-Хамгийн дээд зиндаанд хэдэн Монгол бөх барилдаж байгаа вэ?
-Яг нарийн тоолж үзээгүй. Дээд зиндаанд барилдаж байгаа Монгол бөхийн цуваа нэлээн хэдэн жил үргэлжлэх байх. Доороос гарч ирж буй сайхан сайхан чадалтай бөхчүүд олон байна.
–Японы мэргэжлийн сүмод Монголчууд шиг хүчтэй, ширүүн өрсөлдөгчид гаднын орноос хэр их байдаг вэ?
-Европоос бол цөөхөн дөө. Ихэнх нь Монголчууд шүү дээ. Монгол бөхчүүдийн тоо бусад орны бөхчүүдээс хамаагүй илүү болов уу гэж хардаг.
–Япончууд хүний мөрөөдлийг их асуудаг гэсэн. Би таны мөрөөдлийг асуумаар байна.
-Энэ дэвжээнээсээ цолтой бөхчүүд төрүүлэх миний хамгийн ойрын мөрөөдөл юм даа.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Уншигчдад хандаж хэлмээр байгаа зүйл бий юу?
-Зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. Олон мундаг Монгол хүүхдүүд сүмо бөхөөр барилдаж байна. Аваргуудын явж ирсэн замыг улам цааш нь уртасгаж, ар араасаа олон сайхан амжилт гаргаж яваа бөхчүүдээ дэмжиж яваарай гэж Монголчууддаа хэлмээр байна.
