Б.Амармэнд: Таны хандивласан 1000 төгрөг Чулуут голд нэг жараахай болж нутагшина

                  

“Чулуут тул”  төрийн бус байгууллагаас  “Чулуут тул” төслийг  долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жил бүр  Чулуут голоос  эр эм нийлсэн 400 гаруй  загасыг барьж, үр тогтоолт хийлгээд, шинэ  үр төлийг лаборторид сар гаруй бойжуулсны дараа эх голдоо тавьдаг байна. Нэг эм загаснаас  3-5 мянга орчим түрс гардаг бөгөөд  мянга гаруй жараахайнаас 400 гаруй нь бие гүйцсэн загас болдог. Үлдсэн 600 орчим нь бусад загасныхаа хоол болж, үхэж үрэгддэг ажээ. Энэхүү төслийн үр дүнд долоон жилийн хугацаанд  Чулуут голын загас 3000 гаруйгаар нэмэгдэх аж.

Энэ талаар “Байгалийн Загас Үржүүлэгчдийн Холбоо”-ны биологич Э.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

  –  Энэ төслийг  яагаад хэрэгжүүлэх болов, хэн санаачилсан бэ?

-Энэ төслийг  “Хаан Электрикал Монгол” компанийн  захирал Ц.Баянзул санаачилсан. Энэ хүн загасчлах хоббитой бөгөөд 2004-2005 онуудад Чулуут голд анх загасчилж байжээ.Тэр үетэй харьцуулахад загас ховордоод байгааг анзаарч, загас өсгөх төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасан. Төслийг хэрэгжүүлэхийн тулд  2018 онд Чулуут голд судалгааны ажил хийсэн бөгөөд томоохон гол мөртлөө судалгааны ажил дутмаг хийгдсэн байлаа. Төслийг Өндөр-Улаан сумын байгаль хамгаалагч Б.Амармэнд, Загас Үржүүлэгчдийн Холбооны  биологич Б. Мөнхзориг, ХААИС-н загас үржүүлэх технологийн ангийн оюутан  М. Мөнх-Эрдэнэ бид 4 гардан зохион байгуулж эхлүүлсэн юм. Одоо тасралтгүй 7 дахь жилдээ ажиллаж байна.

Судалгааны үр дүнд юу ажиглагдсан бэ?

– 3 жилийн дата өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд зэвэг, хадран төрлийн загасны нөөц эрс багассан нь тогтоогдсон. Энэ төрлийн загаснууд нь усны эко системийн тэнцвэрийг хадгалдаг бөгөөд  цэвэр усны индикатор  ч гэж нэрлэдэг. Нөгөө талаас голын усанд амьдардаг ургамал, амьтдын идэш тэжээлийн хэлхээнд гол үүрэгтэй оролцдог загаснууд юм.

   – Төслийг хаанаас санхүүжүүлдэг вэ? Өөр хамтрагч байна уу?

-Төслийг  санаачилсан  Ц.Баянзул, түүний найз нөхөд санхүүжилтийн 80 гаруй хувийг гаргадаг. “Петровис ”  компани шатахуунаар хангадаг. Машин техникийн  түлшнээс гадна, лаборториа ажиллуулахад шаардлагатай  моторын бензин гээд шатахууны зардал нэлээд гардаг. Тариат, Өндөр-Улаан сумын Чулуут голын ай сав хариуцсан байгаль хамгаалагч, ХААИС-н загас үржүүлгийн анги мөн хамтардаг.

   –    Төсөл цаашид үргэлжлэх үү? Дараагийн төлөвлөгөө юу байна вэ?

 – Чулуут голыг  экологийн хувьд тэнцвэртэй болтол төслийг үргэлжлүүлэхээр зорьж байна. Мөн бид голын эргийн  бүсэд  ургамлын судалгаа  хийж байгаа. Судалгааны ажлаа улирал бүр хийдэг бөгөөд 4 жил болоод  дүгнэлтээ гаргаж,  үр дүнгээ үнэлнэ. Цаашид  хөхтөн ан амьтдыг хамгаалах ажил хийхээр  төлөвлөж байна.

  Өндөр-Улаан сумын байгаль орчны мэргэжилтэн  Б.Амармэнд: 4-р сарын 15-наас үржилд орох эх сүргээ барьж тусгайлан хашсан голын усанд байлгана. 5-р сарын эхний 7 хоногт үржлийн ажил явагддаг. Үржилд орсон эр эм загаснуудаа эх голдоо буцааж тавиад, үр төлийг нь лаборторидоо  45 хоног бойжуулдаг. Лаборотори маань Алтайд багийн Борынтохой гэдэг газар байрладаг. Бидний үйл ажиллагааг дэмжиж буй иргэд хандив өгч болох бөгөөд таны өгсөн 1000 төгрөг Чулуут голд нэг жараахай болж нутагшина. Төслийн үйл ажиллагаатай танилцах нь хэнд бүхэнд  нээлттэй. “Chuluut Tul”  пэйжээс бидний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.  Жараахайгаа эх голдоо тавих өдрийн товыг  олон нийтэд зарладаг бөгөөд тэр үеэр хүмүүс ирж сонирхон, олон мянган жараахайг голд тавих ажилд  тусалдаг.

 

Subeedei.mn сайтын орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.