Боловсролын яамнаас “Хүүхдийн хоол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн нэг сурагч 2500 төгрөг, цэцэрлэгийн насны нэг хүүхэд 3000, эцэг, эхээс 1000 нийт 4000 төгрөгийн хоол, хүнс хэрэглэж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай санал бодлоо илэрхийлэв.
Тэрбээр, “Хэлэлцүүлгийн үеэр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд сурагчид цэцэрлэг, сургууль дээрээ өдрийн хэрэглээний шим тэжээлийг хангалттай авч, чадахгүй байгаа нь харагдаж байна. Үдийн хоол хөтөлбөр нэг хүүхдийн хоол, хүнснээс авах шим тэжээлийн 70-80 хувийг хангаж байгааг салбарынхан хэлж байна. Тиймээс Боловсролын яам нэг хүүхдэд оногдох мөнгөн дүнг нэмэгдүүлэх, тооцоо судалгааг хийж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна.
Монголын ирээдүй болсон хүүхдүүд сурч буй орчиндоо шим, тэжээлийг хангалттай авах нь оюуны болон бие бялдрын өсөлт хөгжил хамгийн чухал юм.
Түүнчлэн Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд дээгүүрт ордог. Үүний бас нэгэн нөлөө нь хеликобактер. Тиймээс бүх сургууль, цэцэрлэгийг өндөр температураар ариутгадаг аяга, таваг угаагчаар хангах хэрэгтэй” гэв.

