Нийтийн тээврийн шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Уран жолоодлого” тэмцээнийг зохион байгуулдаг.

Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцлоо. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх зэрэг ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолооч “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар болов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардууллаа. Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцлон хэлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.