Иргэдийнхээ татварын мөнгөөр туйлж, баян тансаг байдлыг сонгохоос илүү эгэл жирийн амьдралд, иргэдтэйгээ “ойр” байж, шударга үнэнээрээ хүндлэгдсэн төрийн түшээд цөөнгүй бий. Өөрийн эрх ямбаас илүү улсынхаа хөгжлийг эхэнд тавьсан тэдгээр эрхмүүдтэй танилцацгаая.
- Хосе Мухика – Уругвайн Ерөнхийлөгч (2010–2015)
“Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” гэгдэх тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа төрөөс олгосон тансаг ордонд амьдрахаас татгалзаж, нийслэл Монтевидео хотын захын жижиг фермд эхнэртэйгээ хамт амьдардаг байв. Хуучин Volkswagen Beetle машинаа өөрөө жолоодон явдаг байснаас гадна сарын цалингийнхаа 90 гаруй хувийг буяны байгууллагад хандивладаг байжээ.
Түүний удирдлага дор Уругвай улс Латин Америкт анх удаа ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан. Мөн марихуаны хэрэглээг хуульчилж, төрийн хяналтад оруулсан нь хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх шинэ арга зам болж байв.

- А.П.Ж. Абдул Калам – Энэтхэгийн Ерөнхийлөгч (2002–2007)
Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй байсан ч ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ч энгийн амьдралын хэв маягаа хадгалж, ерөнхийлөгчийн ордонд амьдрахын оронд энгийн байранд амьдарч, хувийн хэрэгцээгээ хязгаарлаж байсан. Бүрэн эрх нь дуусах үед төрийн хөрөнгөөр авсан эд зүйл огт байгаагүй гэдэг.
Энэтхэгийн пуужингийн хөтөлбөрийг удирдаж, тус улсыг сансрын технологийн салбарт тэргүүлэгч орнуудын нэг болгосон. Түүний нэрээр олон тооны шинжлэх ухааны байгууллага, гудамж, арлууд нэрлэгдсэн нь түүний улс орондоо оруулсан хувь нэмрийг илтгэнэ.

- Олаф Пальме – Шведийн Ерөнхий сайд (1969–1976, 1982–1986)
Ерөнхий сайд байх хугацаандаа хамгаалалтгүйгээр нийтийн тээврээр зорчдог, энгийн хувцаслаж, иргэдтэйгээ ижил нөхцөлд амьдардаг байжээ.
Олон улсын тавцанд энх тайвныг дэмжигч, хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ танигдаж, Вьетнамын дайнд хүчтэй байр суурь илэрхийлж, Шведийг энх тайвныг дэмжигч орон болгож байв.

- Ли Куан Ю – Сингапурын Ерөнхий сайд (1959–1990)
Тансаг хэрэглээг жигшиж, даруухан амьдралын хэв маягийг баримталдаг байсан бөгөөд төрийн өмчийг хувийн хэрэгцээнд ашиглахаас татгалзаж, ард иргэдтэй ижил нөхцөлд байхыг зорьдог байжээ.
Сингапурыг хөгжингүй орон болгож, эдийн засгийн өсөлтийг хангасан. Түүнийг удирдаж байх хугацаанд Сингапур улс боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт томоохон ахиц дэвшил гаргасан.

- Жон Магуфули – Танзанийн Ерөнхийлөгч (2015–2021)
Ерөнхийлөгч болсныхоо дараа засгийн газрын тансаг зоог, машин, гадаад томилолт зэргийг танаж, мөнгийг эмнэлэг, боловсролын салбарт зарцуулжээ. Мөн төрийн албан хаагчдын үрэлгэн байдлыг бууруулахын тулд гэнэтийн шалгалт хийж, сахилга батыг чангатгасан аж.

