Хиймэл хөлтэй хамт итгэл найдвар бэлэглэгч

Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг. Харин протез, ортопед хийдэг үйлдвэр хоёр л бий. Төрийн өмчит нэг, хувийн хэвшлийн нэг.

“Улсын” үйлдвэр болох Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төв 13 ажилтантай. Уг үйлдвэрт протез хийдэг хоёрхон техникч байдгийн нэг нь М.Эрдэнэцогт юм.

Тэрээр, протез, ортопедийн үйлдвэрт олон жил шинэчлэлт сайжруулалт төдийлөн сайн хийгдээгүй учраас үйлчлүүлэгчид “Энэ нөгөө л нэг юмаа ярьж байна” гэнэ байх хэмээн ярилцлага өгөхөөс татгалзаж байв. Гэсэн ч түүнтэй хэдхэн хором ярилцаж мэргэжлийнх нь зовлон жаргалыг сонсох боломж олдсоноо ийн хуваалцаж байна.

М.Эрдэнэцогт, “2000 онд ХБНГУ-ын иргэн Котэнгэр гэж хүн Монголд протез, ортопедын салбар үйлдвэрээ нээхээр манай улсаас хэдэн залуучууд сонгосны нэг болж Украин Улсын Киев хотод мэргэжил эзэмшсэн. 5 жил Котэнгэр компанийн салбар үйлдвэрт ажиллаж байгаад улсын үйлдвэртээ ажилласан.

Залуучууд энэ мэргэжлийг сонирхохгүй байх шиг байна. Нэлээн хүнд ажил л даа. Цалин бага, ажиллах нөхцөл таатай биш. Гэхдээ ГБХНХЯ-наас энэ мэргэжлийг эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад оруулаад явж байгаа юм билээ. Боловсон хүчнээ бэлдээд удахгүй бүх зүйл цэгцрэх байх гэж бодож байна” гэв.

Хөл хийлгэчхээд өмсөхгүй хаячихдаг хүмүүсийг хараад хамгийн их эмзэглэдэг

Гэнэтийн осол гэмтлээр хөлөө алдсан хүмүүстэй ажиллах тийм ч амар биш. Эмзэг байгаа хүмүүсийн сэтгэл зүйд тааруулж ажиллахын тулд бусдыг ойлгох энэрэх сэтгэл шаарддаг ажил шиг санагдав. Энэ тухай ярихдаа:

“Өвчнөөсөө болоод өөрийн нөхцөл байдлаа хүндээр хүлээж авдаг хүмүүс бий. Тийм хүмүүстэй арай удаан хугацаанд тулж ажиллах шаардлагатай болдог. Протезоо сайн ашиглан, амьдралынхаа хэвийн горимд ороод бусдын адил хөдөлмөрлөөд явж буй хүмүүсийг жишээ авч, тайлбарлаж өгвөл хөлөө алдаад удаагүй байгаа хүмүүс илүү эрч хүч авч, хурдан сэргэдэг” гэв.

Энэхүү үйлдвэрт протез хийдэг хоёрхон хүн байдаг ч олон жил хийгээд туршлагажчихсан учраас эхний шат дамжлагаа хурдан хийдэг гэж байв. Харин хийсэн хиймэл хөлөө үйлчлүүлэгчдээ өмсгөж, холголт нухалт байвал янзлаад, хөлөндөө дасах, явж сурах хүртлээ удаан хугацаа зарцуулдаг гэнэ. Хөл хийлгэчхээд өмсөхгүй хаячихдаг хүмүүсийг хараад хамгийн их эмзэглэдэг тухайгаа ч ярилаа.

Хөлөө алдсан хүний гэр бүлийнхэн нэг бол халамжаар угжиж бөөцийлөөд, эсвэл гаргуунд нь гаргаад тоохгүй хаячихдаг. Аль болох тэр хүнээ ойлгож, дэмжээд, хэвийн амьдралд нь оруулсан дээр. Протезоо сайн хэрэглээд хэвийн амьдралдаа орчихсон хүн цаашдаа алдаж эндээд явах тохиолдол байдаггүй гэнэ.

Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн протезыг өөрийн гараар хийсэн.

– Урам зоригтой сайхан амьдарч байгаа хэн нэгнээр бахархаж байсан уу?

Бахархах үе зөндөө. Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн протезыг өөрийн гараар хийсэн. Энэ жил олимпын мөнгөн медалдь хүртэхэд хэмжээлшгүй их баярласан.

Мундаг тамирчид, сайн сайхан яваа бизнесмэнүүд, хүүхэд байхдаа хөлөө алдсан ч сургуулиа төгсөж, ээж аав болоод сайхан амьдарч буй залуусаа харах сайхан байдаг. Хийж чадсан хүн бүрийнхээ хөлийг хараад баярладаг.

Осол гэмтэл, өвчин зовлон хэлж ирэх биш. Гэхдээ хүн бүр биеэ энхрийлээд, эрүүл саруул элэг бүтэн байгаарай гэж хүсье хэмээн бидний ярилцлага өндөрлөлөө.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.