Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намын дотоод асуудлын талаар шүүмжилсэн. Энэ тухай тодруулахад:
“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай маш чухал асуудал Чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирсэн. Энэ асуудлаар намууд ойр ойрхон уулзаж, санал солилцож, мэтгэлцэх үйл явцууд болсон. ХҮН намын зөвлөл дээр удаа дараагийн зөрчил гарч, хувь хүний орон зай руу халдаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхиийлэх эрх чөлөөг хумих гэсэн байдлууд давтагдаад байсан учраас тухайн үед маш их бухимдсан. Хувийн нөхцөл байдал, үнэт зүйлтэй зөрчилдсөн байдал, элдэв шахалт зэрэг нь тухайн үед надаас илүү хурц байр суурь илэрхийлэхэд хүргэсэн байж болно.
ХҮН намын олон мундаг гишүүдээс сонгогдоод гарчихсан УИХ-ын гишүүд нь дотроо учраа олохгүй, хүний эрх, эрх чөлөөг хумих маягтай байвал үүнийг засаж сайжруулах ёстой гэсэн үүднээс бухимдаж, ХҮН нам тар гээд хэлчихсэн. Би энэ намыг анх үүсгэн байгуулалцаж, 10 жил бойжуулсан хүний хувьд тараасай гэж хүсэхгүй. Гагцхүү, удирдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд олон ургальч үзлээр, мэтгэлцээн дээр суурилж, олонхын санаан дээр үндэслэн шийдвэр гаргах ёстой. Хамгийн гол нь маргалдах, мэтгэлцэх орон зайг нь өгөх ёстой.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХҮН намаас гарна гэсэн мэдээ явсан. Би гарна гэж огт хэлээгүй” гэв.
