ХБИ-ийн орчны хүртээмжийг сайжруулах “Гэрээсээ гарцгаая” аян эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулах зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг УИХ-ын гишүүн О.Саранчулуун санаачлан, аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд эхний ээлжид нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан ном боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг нутгийн удирдлагын байгууллагын Засаг дарга нарын эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Аяны хүрээнд хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явсны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээлбэл, Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход нэн хүндрэлтэй. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөөр эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгч, жолооч нарыг сургалтад хамруулах, шторк, мэдээлэл түгээх зэрэг ажлыг эрчимжүүлнэ. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчилнэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулна” гэв. 




Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.