Ухаалаг хүлэмжийн цогцолборын шавыг тавилаа

Монголд тогтвортой, жилийн дөрвөн улиралд ногоо бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндэсний ухаалаг хүлэмжийн цогцолборын шавыг тавив.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байгуулах ухаалаг хүлэмжийн цогцолборын төслийг ойролцоогоор 3.42 сая ам.долларын төсвөөр ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, БНСУ-ын “Хангён” үндэсний их сургууль, Солонгосын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газар хамтран 2025-2029 онд хэрэгжүүлэх юм.

Хүлэмжийн цогцолбор нь хүнсний ногооны судалгааны төв, сургалтын танхим, хүнсний ногоо боловсруулах цех, бараа материалын агуулах, дэвшилтэт,дунд технологийн болон хойд бүсийн хүлэмжүүд, босоо тариалангийн контейнер, ил талбайн ухаалаг аж ахуй, хөдөө аж ахуйн технологийн паркаас бүрдэнэ.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр төслийн хүрээнд ухаалаг хүлэмжийн аж ахуй эрхлэх, тариалалтын технологийн онолын сургалт орохоос гадна онол, талбайн сургалтыг үе шаттай явуулан мэргэжилтэн, судлаач, тариаланчдад зориулсан уулзалт, семинарыг жил бүр зохион байгуулна. Төсөл хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн технологийн чадавх сайжирч, хүнсний ногоог жилийн турш тогтвортой үйлдвэрлэх бааз суурь бүрдэхээс гадна тариаланчдын орлого нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн технологи нэвтрэх ач холбогдолтой гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.