ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас говийн болон хангайн бүсийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг энэ сарын 18-19-нд Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 40 орчим салааны захирагч хамрагдаж байгаа юм.
Гал түймэр унтраах үед хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулах асуудал, үр дүнтэй удирдлага ба нөлөөлөл, гал түймэр унтраах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гал унтраах автомашины бэлэн байдал, ашиглалт, гал түймэр унтраах хайгуул, зохион байгуулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, гал түймрийн үеийн агаарын солилцоо, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгов.
Тактикийн дууриалган үзүүлэх дадлага сургууль, утаат орчинд гал түймэр унтраах хайгуулын ажиллагаа зохион байгуулах, гал түймэр унтраах автомашины хөөрөг ажиллуулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, харилцан туршлага, дадлагаа хуваалцаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

