Монголын зохиолчид БНХАУ-ын Бээжин хот дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд номын өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа, Монголын номын баярын санаачлагч, зохион байгуулагч “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувд нар Бээжин хотноо суралцаж буй оюутан, судлаач, мөн ажиллаж, амьдардаг монгол иргэддээ зориулан уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Либро сувд” утга зохиолын агентлаг, “Нэпко”, “Бэрх”, МУИС, “Забесс”, “Ангир” зэрэг хэвлэлийн газрын төлөөлөл оролцож халуун дулаан яриа өрнүүлэн, яруу найраг, уран бүтээлийн дээжээс толилууллаа.
ЭСЯ-ны номын санд “Номын ертөнц” сэтгүүлийн дугаарууд, 2025 оны “Мэргэн ном”, “Шилдэг ном” болон хэвлэн нийтлэгчдийн сүүлийн үеийн шинэ номын дээжээс хандивлав.
