Нийслэлийн иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” ирэх амралтын өдрүүдэд болно.
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй энэхүү наадам нь энэ сарын 28-29-нд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Тус наадмыг нийслэл хотын иргэдийн баяртай хамтатган тэмдэглэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлэх болсноороо өмнөх жилүүдээсээ онцлогтой юм.
Хүрээ цам-Даншиг наадмыг Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан анх 2015 онд зохион байгуулж байжээ. Энэхүү наадам нь улсынхаа соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан бөгөөд жуулчдыг ч ихээр татдаг байна.
Наадмын өдрүүдэд Очирваань бурхан болон Их эзэн Чингис хааны тахилга, балин тосон урлагийн тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, 6 насны хурдан морины уралдаан, үндэсний сур харваа, шагайн болон морьт харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн болно.
Мөн баярын өдөр 07:00-23:00 цагийн хооронд “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг”, “МУБИС-Хүй долоон худаг” хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
