ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам болон Иргэний хамгаалалтын байгууллагаас Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэлтэй хамтран Ази тивийн 8 оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бэхжүүлэх, үерийн болон газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд ирэх наймдугаар сард Итали Улсын Иргэний хамгаалалтын байгууллагын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаж, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзан, үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэл болон хэрэгцээ шаардлагыг тодорхойлно.
Мөн Онцгой байдлын байгууллагын төлөөлөгчдийг тус улсад богино хугацааны сургалтад хамруулах, улмаар төслийн хэрэгжилтийг хамтран дүгнэхээр тохиролцжээ.
Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр хоёр улсын гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх болсонд баяртай байгааг илэрхийлсэн бол Элчин сайд цаашид талуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллахаа онцолсныг ОБЕГ-аас мэдээллээ.
