УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын дэмжлэгээр 23-р сургуульд Сэтгэл зүйн танхим тохижууллаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын дэмжлэгээр БНСУ-ын Мёнжи Их сургуулийн Олон улсын сайн дурын бүлэг хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуульд Сэтгэл зүйн танхим тохижуулж өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, “Сүүлийн жилүүдэд сурагчид, тэр дундаа өсвөр насныхан сэтгэл зүйн тусламж,үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүссэн. Түүнчлэн, энэхүү сэтгэл зүйн танхим 23-р сургуульд сурдаг тусгай хэрэгцээт, аутизмтай хүүхдүүдийн тайван байх, аюулгүй мэдрэмж болон сэтгэл зүйн дэмжлэг авах орон зайн хэрэгцээг хангаж буй чухал алхам юм. Цаашдаа нийслэлийн сургуулиудад сэтгэл зүйн өрөөг тохижуулах ажил үе шаттай хийгдэнэ. Энэхүү саналыг хүлээн авч, туслалцаа үзүүлсэн Мёнжи Их сургуулийн хамт олонд баярлалаа” гэв.

23-р сургуулийн захирал Ш.Оюунсүрэн, “Техник технологийн хурдтай хөгжлийн энэ үед хүүхдүүдэд амьд харилцаа үгүйлэгдэж байна. Манай сургууль сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үед сурагч, багш нар, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тохилог сайхан танхим бүрдүүлж өгсөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, түүний ажлын алба болон Мёнжи Их сургуулийн Олон улсын сайн дурын бүлгийн хамт олонд баярлалаа. Бидний төлөвлөж байсан ажил маш хурдан биелэлээ олсонд талархалтай байна. Мөн манай сургуулийн солонгос хэлний ангийн сурагчид Мёнжи Их сургуулийн оюутнууд, багш нартайгаа хамтран 3 өдрийн сургалтад хамрагдлаа” гэв.

Сайн дурын ажилд Мёнжи Их сургуулийн 130 гаруй оюутнууд хүсэлтээ өгч, 20 оюутныг сонгон шалгаруулсан бөгөөд эдний дотор цор ганц Монгол оюутан багтсан нь Г.Гэрэлтцас байв. Тэрээр тус сургуулийн 3-р түвшний оюутан юм.

Энэ үеэр Мёнжи их сургуулийн оюутнууд сургалтад хамрагдсан сурагчдад сертификат, гарын бэлэг өгч, урлагийн тоглолт үзүүлэв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Мёнжи их сургууль энэхүү сайн дурын ажлыг “Азийн солилцооны холбоо” ашгийн бус байгууллагын тусламжтайгаар холбогдон хэрэгжүүлж чадсанд талархалтай байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.